БАРИМТ 1
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсөж, ОХУ, Ленинградын их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Түүнчлэн 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургуульд, сэтгүүл зүйн мастер зэрэг хамгаалсан байна.
БАРИМТ 3
Тэрбээр ажлын гараагаа 1995 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлагаас эхэлсэн. М.Оюунчимэг 2009 он хүртэл тус газар ажилласан бөгөөд редактор, ахлах редактор, тоймч зэрэг албан тушаал хашиж байжээ.
БАРИМТ 4
2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийжээ. Түүнчлэн 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга, 2015 онд“Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллаж байв. 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэж байсан.
БАРИМТ 5
Ийнхүү дараа жил нь буюу 2016 онд УИХ-ын сонгуульд анх удаагаа дэвшин ялалт байгуулсан. Мөн 2020 онд дахин нэр дэвшин парламентад сонгогдсон юм.
БАРИМТ 6
Тэрбээр Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 7
УИХ-д анх удаа сонгогдсон жилдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороог удирдаж, шуугиулсан нь ч хэр амбицтай улстөрч вэ гэдгийг тод харуулсан.
БАРИМТ 8
Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг парламентад анх удаа сонгогдсон гишүүнд байнгын хороо удирдах эрх олгож байсан нь үгүй ч М.Оюунчимэг гишүүнд боломж гаргаж өгсөн. Энэ нь цаашид карьераа ахиулах суурь нь ч болсон юм.
БАРИМТ 9
2022 онд УИХ-ын дэд даргын суудал эзгүйрч, МАН дотор марафон өрнөхөд нэр нь цохиж л явсан. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо даргаа өөрчлөх болоход мөн л нэр нь хавчуулагдсан. Хэдийгээр тус холбоог удирдах эрх олдоогүй ч энэ чөлөөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болж, давхар алба хаших болсон.
БАРИМТ 10
Тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагдаж ирсэн нэгэн.
БАРИМТ 11
Түүнд ах дүү нараа төрийн чухал албанд байршуулж чадсан сүйхээ бий. Тодруулбал, төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяаг Монгол банкны хянан шалгагчаар, хүү Л.Эрхэмзаяаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц тээвэр логистикийн албаны даргад зүтгүүлж, ажилд оруулсан гэх хэл ам дагадаг.
БАРИМТ 12
Мөн цар тахалтай Монгол Улс тэмцэж байсан хүнд үед хүү Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь шүүмжлэл дагуулж, чөлөөлөгдөж байв.
БАРИМТ 13
Тэрбээр хүүхдийн мөнгийг бүгдэд тэгш олгох ёстой гэсэн байр суурь баримталж ирсэн. Энэхүү байр сууриа УИХ-аар 2023 оны төсөв хэлэлцэх үед илэрхийлж байсан ч бүлэг нь тоогоогүй.
БАРИМТ 14
Одоо ч энэхүү байр суурь дээрээ зогсдог бөгөөд “Хүн бүр нийгмийн гарал үүсэл, хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой тул цаашдаа анхаарч шийдэх асуудал. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим гэж үзэж байна” гэж хэлээд Засгийн газрын гишүүддээ ч ад үзэгдэж байв.
БАРИМТ 15
Тэрбээр УИХ-д анх сонгогдсон жилд хөрөнгө орлого нь огцом өссөн гурван гишүүний нэгээр зарлуулж, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор “шүүлгүүлж” байсан.
БАРИМТ 16
Тухайлбал, 2020 онд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом өссөн байна гэж үзэн, асуудлыг хэлэлцэхийг шаардсан. Гэхдээ Хөрөнгө орлогыг нь шүүж үзэхэд огцом өссөн нь батлагдаагүй, энэ нь техникийн алдаа гаргасантай холбоотой гэж үзэн, дуулиан дарагдсан юм.
БАРИМТ 17
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг, гэр бүлийн орлого 101 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 18
Мөн 870 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай. 128 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, Suzuki, Grand Vitara суудлын автомашинтай.
БАРИМТ 19
Тэрбээр дотоодын дансанд 504 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн Интеркорн-Машинери ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 20
Тойргийнхон нь түүнд ам сайтай байдаг. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг.
БАРИМТ 21
Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ.
БАРИМТ 22
Тэрбээр энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 23
Дөрвөн жилийн хугацаанд Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тогтоолын төсөл, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөл, Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг бусад гишүүдийн хамтаар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.
БАРИМТ 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 10-р тойрогт нэр дэвшинэ.
Сэтгэгдэл (15)