Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр ЦЭРГИЙН ХАРЦАГА цолонд хүрлээ. Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв. Эдгээр бөхчүүдээс шинээр Цэргийн начин цол хүртээд буй Г.Мөнх-Ёндонг онцолж байна.
Баримт 1
2001 оны зургадугаар сарын 02-нд төрсөн. Өчигдөр 23 нас хүрчээ.
Баримт 2
Биеийн өндөр 186 см.
Баримт 3
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул.
Баримт 4
“Аврагч“ спорт хороонд харьяалагддаг.
Баримт 5
2022 онд Архангай аймгийн Хашаат сумын баяр наадамд түрүүлж, Сумын заан болсон.
Баримт 6
2023 оны Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд тав давжээ. Түүний өрсөлдөгч нь Аймгийн начин М.Балжинням бүдүүлэг үйлдэл гаргаж, эрхээ хасуулсанг бид бүхэн санаж байгаа.
Баримт 7
Өнгөрөгч гуравдугаар сард болсон Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлж, олны хараанд өртсөн. Тэгэхдээ тэр сая Цэргийн арслан болсон Д.Цэрэннямыг уран, гоё мэхээр хаясан билээ.
Баримт 8
Цэргийн начин болоход нь гурвын даваанд гар амар давуулсан бөх бол түүний нутгийн ах Аймгийн арслан Т.Довчинсэмбээ юм.
Баримт 9
Тэр нэгийн даваанд Ховдын арслан Д.Бадамгаравыг, Хоёрын даваанд Баян-Өлгийн хурц арслан У.Берекег, Дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн хурц арслан Э.Даваажаргалыг, Тавын даваанд Дорнод аймгийн арслан Г.Төрмөнхийг хаяж, Цэргийн начин болсон.
Баримт 10
Улмаар зургаагийн даваанд Архангай аймгийн арслан Э.Мөнхжаргалд унасан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)