БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, эдийн засагч, нягтлан бодогч, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
БАРИМТ 3
Тэрбээр ажлын гараагаа 1996-1998 онд Цэргийн их сургуульд багшаар эхэлж байв. Дараа нь Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байв.
БАРИМТ 4
Тэрбээр Англи хэлтэй.
БАРИМТ 5
Хувийн бизнесгүй, төрд голчлон ажилласаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай.
БАРИМТ 6
2020 он УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшиж 49,64 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн.
БАРИМТ 7
УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Л.Энхболд нарт МАН 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласнаар Н.Наранбаатарт боломж ирж, сонгогчид нь итгэл хүлээлгэсэн.
БАРИМТ 8
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт холбогдуулан, албан тушаалтнуудын нэрийг зарласны дотор УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр явсан. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсон ч бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулаагүй.
БАРИМТ 9
Энэ талаар тэрбээр “Жагсагчид нүүрсний хулгайч нарын нэрийг зарла гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаясан байх. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж өглөө” гэх тайлбар хийсэн байдаг.
БАРИМТ 10
Харин түүний энэ мэдэгдлийн хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг би яаж мэдэх вэ. Нөлөөлж нэр өгч хэлүүлээгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хуулийн байгууллагын шаардлагын дагуу нэр нь дурдагдсан гишүүд шалгуулчих. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.
БАРИМТ 11
Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон түүнийг “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай халаас нэгтэй ч гэж ярих нь бий.
БАРИМТ 12
Энэ сэжим нь нүүрсний асуудлаар шалгуулах үндэслэл ч болсон байхыг үгүйсгэх аргагүй ч зарим хэвлэлд "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын мэдүүлгээр түүнийг шалгах шаардлага үүссэн тухай мэдээллэж байв.
БАРИМТ 13
Тэрбээр нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн гишүүний хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байв.
БАРИМТ 14
Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм.
БАРИМТ 15
УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Гэвчиг АН-ын бүлгээс ажнай Д.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлж шалгуулахыг чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, харин УИХ дахь шинэ гишүүд болон аймгийн Засаг дарга аснуудын фракц Н.Наранбаатарыг авч үлдсэн.
БАРИМТ 16
Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа орон нутгийн Тавантолгойн ордоос нүүрс хулгайлцахад гар бие оролцсон гэж яллагдагчаар татагдсан.
БАРИМТ 17
АТГ-аас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийнх нь жилийн орлого 32 сая 196 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 19 сая 387 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 18
Мөн 542 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн эзэмшлийн хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшин, хоёр авто машины зогсоолтой. 74 сая төгрөгөөр үнэлэгдэх “Honda Logo” “Hyundai Sonata V” маркийн автомашинтай аж.
БАРИМТ 19
150 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуутай, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 82 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Сэрсэн говь” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 20
Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нөөц сангаасаа хөрөнгө гаргаж, гадаадад зугаалсан гэдэг хэл аманд орж явсны зэрэгцээ нэг тэрбум 390 саяар айл өрхүүдийн хашаа будах тендер зарлаж, үр ашиггүй зардал гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөн удаатай.
БАРИМТ 21
Мөн сум болгоныхоо Засаг дарга нарт Land-200 Маркын автомашин авч өгсөн. Үүнийгээ 8,5 тэрбум төгрөгөөр парк шинэчлэл хийж төсвийн зарцуулалтын үргүйдүүлсэн хэмээн тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм.
БАРИМТ 22
Тэрбээр энэ парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 23
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хулгайн хэрэгт холбогдож хууль санаачлах ажлаа тийм ч сайн хийгээгүй. Тухайлбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гамшгаас хамгаалах тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг батлуулсан.
БАРИМТ 24
Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон учир УИХ-д дахин нэр дэвших эрхгүй.
Сэтгэгдэл (3)