Өнгөрөгч баасан гаргаас эхлээд спортын олон сонин хачин үйл явдлууд боллоо. Тэдгээрээс сорчлон хүргэж байна.
М.ЭНХЖАРГАЛ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА
Монголын ширэн бээлийтнүүд энэ өдөр олимпын эрхийн сүүлийн тулаанаа хийж буй. Эмэгтэйчүүдийн 54 кгд хүч үзсэн Дэлхийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин С.Энхжаргал шийдвэрлэх тулаанд ялалт байгуулж Монгол Улсдаа олимпын эрх дансалав. Манай тамирчин олимпын эрхийн төлөө дотооддоо ч хатуухан өрсөлдөөн өрнүүлж дэлхийд Япон, Канадын шилдэг тулаанчдыг дараалан өвдөг шороодуулж сүүлийн тулаанд Венесуэлийн Йохана Каролинаг сөхрүүлэв.
ДЭЛГЭРИЙН ЦЭРЭННЯМ ЦЭРГИЙН АРСЛАН БОЛЛОО
Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр ЦЭРГИЙН ХАРЦАГА цолонд хүрлээ. Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв.
Тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар“өсөх” чимэг нэмсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон нар ЦЭРГИЙН НАЧИН цол хүртсэн юм.
Х.ЦОГТГЭРЭЛ НАЧИН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Хутагийн Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Хашбат, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Эрдэнэс Тавантолгой ХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэн нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Ш.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан Г.Ганбаатар нар үлдэв.
Реал Мадрид Аваргуудын лигийн аварга боллоо
Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод Германы “Боруссиа Дортмунд” клубийн хөлбөмбөгчдийг хожлоо. Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 2:0 харьцаагаар дууссан байна. Гоолуудыг Дани Карвахал (74 дэх минут), Винисиус Жуниор (83) нар хийжээ. Испанийн хагас хамгаалагчид болох Дани Карвахал, Начо Фернандес, Германы хагас хамгаалагч Тони Кроос, Хорватын хагас хамгаалагч Лука Модрич нар Аваргуудын лигийн цомыг хамгийн олон буюу зургаан удаа хүртсэн Испанийн хагас хамгаалагч Франциско Жентогийн (1956-1960, 1966) амжилтыг давтлаа.
"Реал Мадрид" баг Аваргуудын лигийн цомыг 15 дахь удаагаа хүртэж (1956-1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016-2018, 2022, 2024 он), тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн амжилтыг эзэмшиж байна. Мадридын клуб мөн 18 дахь удаагаа цомын төлөөх тоглолтод оролцлоо. "Боруссиа" баг гурав дахь удаагаа финалд тоглосон бөгөөд дортмундчууд 1997 онд хожиж, 2013 онд хожигдсон юм.
"Реал Мадрид"-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти Аваргуудын лигт тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр “Реал Мадрид”-ыг гурван удаа (2014, 2022, 2024), Италийн “Милан” багийг хоёр удаа (2003, 2007) ялалтад хүргэсэн байна. Энэ удаагийн финалын тоглолт түүний зургаа дахь тоглолт байлаа. 2005 онд К.Анчелоттигийн удирдлага дор "Милан" баг Английн "Ливерпүүл"-д торгуулийн цохилтоор хожигдож байсан юм. Алдарт "Уэмбли"-д Аваргуудын лигийн финалын тоглолтыг найм дахь удаагаа (1963, 1968, 1971, 1978, 1992, 2011, 2013, 2024) зохион байгууллаа.
Л.Сайнаа