БАРИМТ 1
А.Г.Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-ны өдөр Витебск мужийн Копысь хотод төржээ.
БАРИМТ 2
1975 онд А.А.Кулешовын нэрэмжит Могилёв хотын Улсын Багшийн их сургуулийг түүхч мэргэжлээр, 1985 онд Беларусийн Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
БАРИМТ 3
Тэрбээр Беларусь Улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн юм.
БАРИМТ 4
А.Г.Лукашенко Беларусийн шинэ үндсэн хууль батлагдсан 1994 оны анхны сонгуульд 39 настайдаа ялалт байгуулж, түүнээс хойш иргэдийн 75-83 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсоор ирсэн.
БАРИМТ 5
Беларусийн 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө.
БАРИМТ 6
2020 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсныг урьдчилсан дүн харуулсны дараа үймээн самуун дэгдсэн юм. Ажиглагчид болон сөрөг хүчнийхэн "саналын хуудсыг хуурамчаар үйлдэх явдал газар авсан" гэж үздэг байна. Тус улсын Сонгуулийн төв хороо А.Лукашенко 80.23 хувь, С.Тихановская 9.9 хувийн санал авсныг зарласны дараа С.Тихановская дахин санал тоолохыг шаардаж байв.
БАРИМТ 7
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний гол дэмжигчдийн нэг гэгддэг байна.
БАРИМТ 8
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Минск хотноо ЭСЯ-аа 2020 оны тавдугаар сарын 24-нд нээсэн бол Бүгд Найрамдах Беларусь Улс ЭСЯ-аа Улаанбаатарт 2014 оны зургаадугаар сарын 30-нд нээж байв. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад "АНХ УДАА" төрийн айлчлал хийж буй нь 2024 онд тохиож байна.
Сэтгэгдэл (1)