CUBEC (College, University’s Business Elite Challenge) буюу Хятад дахь их сургуулиудын дунд зохиогддог олон улсын бизнесийн тэмцээн тавдугаар сарын 24-27-ны хооронд Zhejiang мужийн Ningbo хотод зохион байгуулагджээ.
400 багийн өрсөлдөөн гурав хоногийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Ningbo хотоос оролцсон "монгол ахлагч"-тай “Strive” баг гуравдугаар байранд шалгарсан байна.
CUBEC тэмцээн нь олон улсын худалдаа чиглэлээр оюутнуудын дунд зохиогддог Хятадын албан ёсны тэргүүлэх тэмцээн юм. Тэмцээнийг БНХАУ-н Олон Улсын Худалдаа дэмжих зөвлөл, Аж үйлдвэрийг дэмжих зөвлөл, Бизнес ба Эдийн засгийн нийгэмлэгүүд ивээн тэтгэн ажиллажээ.
Гуравдугаар байранд орсон “Strive” багийн гишүүд болох зургаан гадаад сурагчид нь (Sod-Uyanga Sesenjav, Jumaboi Mullaboev, Behzod Fayzzoda, Nour Boughelita, Fatima Zohra Mokrani and Chaimae Lpaiti) эл тэмцээнд хоёр сарын турш бэлдэн оролцжээ. Тэд өөрсдөө бүтээгдэхүүнээ сонгож, түүн дээрээ бизнесийн төлөвлөгөөгөө бичих, олон улсын зах зээлд гаргах судалгаагаа хийх зэрэг даалгаваруудтай тулгарсан аж. Үүний хажуугаар багш нарынхаа нарийн зааварчилгаа дор, тус сургуулиас оролцсон Хятад багийнхантай хамтран бэлддэг байжээ.
Монгол оюутан Сэсэнжавын Сод-Уянгын ахалсан "Strive" баг өөрсдийн төлөвшсөн хандлага, туршлагатай оролцоо болон ашиглаж буй мэргэжлийн үг хэллэгээрээ шүүгчдээс сайшаал хүртжээ. Үзэсгэлэнд үзүүлж буй зах зээлийн оновчтой судалгаа болон багийн ажиллагааныхаа ачаар олон шүүгчдийн анхаарлыг татаж чадсан байна.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр багийн ахлагч С.Сод-Уянга нь багаа төлөөлөн шагналаа гардаж авахдаа, “Энэ тэмцээн намайг их сорьлоо, мөн олон зүйл сурч мэдэх боломжийг олголоо. Сүүлийн хоёр долоо хоног, тэмцээний хажуугаар шалгалтууд маань давхцаад унтах завгүй өнгөрсөн. Гэхдээ энэ нь буцаад надад цагаа яаж зөв хуваарилж, ажлуудаа үр дүнтэйгээр хийж болохыг зааж өгсөн.
Багийн ахлагчийн хувьд олон зүйл дээр алдаж оносон ч, даалгавруудаа яаж гишүүддээ тааруулж зөв хуваарилах вэ, яаж өөр өөр орноос ирсэн хүүхдүүдийг нэгтгэх вэ зэрэг үнэтэй чадваруудыг сурч авлаа.
Өнгөрсөн сар гаруйэ хугацаанд гэрээ хэлэлцээр хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, бизнес судалгаа хийх гэх мэт туршлагууд хуримлуулсан нь надад мэргэжлээ илүү гүнзгий ойлгоход туслаж чадлаа. Миний хувьд хамгийн хэцүү байсан нь бүтээгдэхүүний танилцуулга хэсэг. Төсөөлснөөсөө олон хүний өмнө гараад илтгэл тавьсан болохоор гар маань чичрээд, хоолой сааралтаад сандралтай дуусгасан. Гэхдээ тэр хэдхэн минутаас их үнэ цэнтэй туршлага олж авсан. Багийнхаа гишүүд болон багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн хамтарч бэлтгэл хийсэн Хятад оюутнууддаа баярлалаа. CUBEC тэмцээнд оролцсон маань миний ирээдүйдээ оруулсан маш том хөрөнгө оруулалт“
Zhejiang University-н харьяа Ningbo Institute of Technology нь энэ жил анх удаа гадаад оюутнууд элсүүлсэн агаад оюутнуудынхаа ур чадварыг нээх, сорих зорилгоор бүхий л уралдаан тэмцээнд оруулцуулахыг зорьдог байна. Энэхүү тэмцээн нь олон улсын оюутнуудад бизнес үйл ажиллагааны талаар болон олон улсын зах зээлийн талаар ойлголт өгөх, цаашлаад мэргэжлийнхээ талаар илүү таних боломжийг өгөх зорилготой аж.
Тус багийн энэ амжилт нь Ningbo Tech University-н олон улсын оюутнуудын хүртсэн анхны шагнал болжээ.
Үүгээр зогсохгүй, энэ амжилтаараа тэд сургуулийнхаа нийт оюутнуудад үлгэр жишээ болж чадсан хэмээн Хятадын хэвлэлд бичжээ.
Сэтгэгдэл (1)