АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийгчийн сонгуульд ялахаар улайран буй энэ цаг үед түүнд холбогдох эрүүгийн хэргүүд олширсоор байна. Аль ч газрын улс төрийн өрсөлдөөнд харлуулах тактик байсаар ирсний гор түүнд тохоогдов.
Тэрбээр Жоржиа, Вашингтон, Флорида мужуудад эрүүгийн хэрэгт холбогдсон аж. Трамп эдгээр хэрэгт буруутгагдаж байгаадаа өөрийгөө өмөөрсөөр буй. Тэр яг ямар хэргүүдэд холбогдсон бэ?
Мөнгө угаах: Трампыг анх 2023 оны гуравдугаар сард Манхэттэний дүүргийн прокурор 2006 оноос насанд хүрэгчдийн кино одод мөнгө төлж бэлгийн харилцаанд орсон гэх хэргээр буруутгаж байв.
Тодруулбал, Насанд хүрэгчдийн кинонд тоглодог Сторми Дэниелс буюу жинхэнэ нэр нь Стефани Клиффорд хэмээх бүсгүй 2011 оны тавдугаар сарын 19-нд үнэн худлыг илрүүлэх төхөөрөмжөөр шалгуулж буй бичлэг ил болсон байдаг. Сторми Дэниэлс 2006 онд Д.Трамптай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хэмээн хэлж буйг төхөөрөмж үнэн болохыг баталсныг тус бичлэг дээрээс харах боломжтой. Тэрбээр анх 2011 онд "InTouch" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Д.Трамптай бэлгийн харьцаанд орж байсан талаараа дурдаж байсан аж. Харин "Life&Style" сэтгүүлийн зүгээс түүний ийнхүү ярьсныг тусгай төхөөрөмжөөр шалгуулж буй бичлэг саяхныг хүртэл ил болоогүй байсан юм.
Мөн Прокурорууд Трампыг 2016 оны сонгуулийн шударга байдлыг алдагдуулах хууль бус хуйвалдааны нэг хэсэг гэж үзжээ. Цаашилбал, тэд түүнийг 130 мянган ам.долларын төлбөр зэрэг сөрөг мэдээллийг дарах хууль бус төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж мэдэгдсэн. Тэрбээр пүрэв гарагт бүх 34 зүйлд гэм буруутай нь тогтоогдоод байгаа.
Нууц бичиг баримтууд: Трампыг албан тушаалаа орхисныхоо дараа Цагаан ордноос үндэсний батлан хамгаалахын нууц баримт бичгүүдийг авсан гэх эсэргүүцсэн хэргээр 2023 оны зургадугаар сард Майами дахь холбооны тангарагтны шүүхээс ялласан. АНУ-ын Үндэсний архивын газрын мэдээлснээр, 2022 оны эхээр Цагаан ордны үл хөдлөх хөрөнгөөс дор хаяж 15 хайрцаг бичиг баримт олдсон бөгөөд заримыг нь нууцын зэрэглэлд оруулсан байдаг. Энэхүү ялыг тусгай өмгөөлөгч Жек Смит гаргажээ. Гэсэн хэдий ч шүүгч Айлин Каннон холбооны эрүүгийн хэргийг тангарагтны шүүхэд шилжүүлэхээс өмнө боловсруулах шаардлагатай нууц нотлох баримтуудтай холбоотой чухал асуудлуудыг дурдаж, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж.
Холбооны сонгуульд хөндлөнгөөс оролцох: Смит 2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлогынх нь төлөө өнгөрсөн наймдугаар сард экс ерөнхийлөгчийг дөрвөн гэмт хэрэгт тус тусад нь буруутгасан. Яллах дүгнэлтэд Трамп болон хуйвалдаанд нь хамтарсан хүмүүсийг "капитол дахь хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ашиглахыг оролдсон, сонгуулийн баталгаажуулалтыг хойшлуулахыг хууль тогтоогчдод итгүүлэхийг оролдсон" гэж буруутгав. Уг хэргийг түр хойшлуулсан байдалтай байна.
Фултон дүүрэг: Жоржиа муж улсын прокурорууд Трамп болон бусад хүмүүсийн эсрэг сонгуулийн хууль зөрчсөн гэх хэргийг үүсгэсэн. 2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр Атланта хотод төвтэй том тангарагтны шүүх Трамп болон бусад 18 хүнийг экс ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн ялагдлыг хүчингүй болгох оролдлого хийсэн хэрэгт буруутгав. Энэ хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)