2024 оны Зуны олимпын XXXIII наадам эхлэхэд хоёр сар гаруйн хугацаа үлдлээ. Уг наадмыг зохион явуулах албан ёсны хүсэлтээ хотууд 2015 онд гаргаж эхэлсэн бөгөөд анх хүсэлт гаргасан таван хотоос Ром, Хамбург, Будапешт хотууд нэрээ татаж, Парис, Лос-Анжелес хотууд тунан үлдэж байв. Улмаар 2017 оны есдүгээр сарын 13-нд Перугийн Лима хотод болсон Олон Улсын Олимпын Хорооны 131-р чуулганаар тус олимпыг Парист зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн уг чуулганаар Лос Анжелес хотод дараагийн 2028 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг өгсөн юм. Парис хотод өмнө нь 1900 болон 1924 онд зуны Олимпын наадмыг зохион байгуулсан түүхтэй. Тэгвэл бид та бүхэнд удахгүй болох Парисын олимпын тухай мэдвэл зохих зүйлсийг тоймлон хүргэж байна.
Зохиогдох хот: Парис
Нээлтийн өдөр: Наймдугаар сарын 02
Хаалтын өдөр: Наймдугаар сарын 18
Оролцох тамирчдын тоо: 10500
Паралимпын наадам: Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болно.
Урьд нь олимпын наадмын нээлтийн ёслол хэзээ ч усан дээр зохиогдож байсан түүхгүй. Тодруулбал, Сена мөрний эрэг дагуух эртний барилгын архитектур, хөшөө дурсгалыг олимпын наадмын нээлтийн үеэр үзнэ гэдэг үзэх хүн бүхний аз мэт санагдана.
Эл задгай орчинд зохион байгуулагдаж байгаа учир бүх хүн үзэх боломжтойгоос гадна үнэ төлбөргүй. Хэн бүхнийг догдлуулж байгаа уг нээлтийн ёслол нь дэлхийн хамгийн том олимпын нээлт байх болно.
Урьдчилсан тооцоогоор хамгийн багадаа 600 мянган хүн үзэж сонирхоно. Энэ нь цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан олимпын нээлтийн үзэгчдийн тооноос 10 дахин их тоо юм. Аварга том 80 дэлгэцээр ёслолын ажиллагааг шууд дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид ирж энэхүү баярын үйл ажиллагаанд оролцох нь мэдээж.
Медалийн загвар ямар байх вэ?
Уг наадмын үеэр тамирчдад гардуулах медаль бүрд Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхагийн төмөр хэлтэрхийг оруулж өгсөн бөгөөд зургаан өнцөгт хэлбэртэй төмрийг нүүрэн талд байрлуулжээ. "Парис-2024" наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге тайлбарлахдаа, медалиудыг өвөрмөц, ер бусын болгох хүсэл эрмэлзлээс үүдэн ийм загвартайгаар бүтээжээ. Медалийн загварыг Францын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн "Chaumet" ордон гаргасан байна.
Л.Сайнаа