БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Тэрбээр Дорноговь аймгийн уугуул. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр аймгийнхаа Нэгдүгээр дунд сургуулийг 1991 онд төгссөн. Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр 1995 онд төгссөн.
БАРИМТ 3
Ажлын гараагаа “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар эхэлжээ. Харин 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж байгаад “Нью Майнд” компанид хэвлэлийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал болон дэвшжээ.
БАРИМТ 4
“Нью Майнд” нь Монголд оршуулгын зан үйл гүйцэтгэж ирсэн одоогийн “Улаанбаатар буян” компани юм. Үүнтэй холбоотойгоор “Зохиолч Г.Мөнхцэцэг шарил чандарладаг болж гэнэ” гэсэн шүүмжлэл хэсэгтээ түүнийг тойрсон байдаг. Мөн тус компаниас хувь эзэмшдэг тухай яриа одоо ч байдаг юм.
БАРИМТ 5
Энэ тухай Г.Мөнхцэцэг гишүүн “Тус компанийн өнөөдрийн үйл ажиллагаанд би ямар ч оролцоогүй ээ. Хувь эзэмшээд, хөрөнгө оруулаад явсан юм байхгүй. Энэ төслийг хэрэгжүүлсэн “Нью Майнд” хэвлэх газрын захирал байсан. Яахав энэ ёс заншлыг ямархуу гольдролтой явах, яаж Монголын хөрсөн дээр буулгах тал дээр ном бичиглэсэн хүний нэг нь мөн юм. Тэрхүү ёс заншлыг бий болгох зайлшгүй цаг үеийн шаардлага байсан. Газар шороо, бурхан болоочдын ариун өлгий гээд асуудал бий. Арав гаруй жил өнгөрсөн байна” гэж байв.
БАРИМТ 6
2009 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө улс төр шинэ хүн байв.
БАРИМТ 7
Түүнийг УИХ-д анх сонгогдоход “Ардын намын АТМ Б.Дэлгэрсайхан чирж явсаар гаргалаа” гэж ярих хүн олон байсан бол хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулахад “Ерөнхий сайд асан Сү.Батболд дэмжлэг боллоо” гэж шуугиж байв.
БАРИМТ 8
“Болор цом”-ын эзэн яруу найрагч гэхээс өөрөөр улс төрийн намтар нимгэн Г.Мөнхцэцэгийг Сонгуулийн тухай хуулийн хүрээнд МАН-аас олгосон квотоор УИХ-ын гишүүн болж гэж хэн ч төсөөлөөгүй явсан юм. Түүнийг нэр дэвших үед олны танил зохиолч, яруу найрагчид ч Г.Мөнхцэцэгт хатуухан шүүмжлэлийг дайж байлаа.
БАРИМТ 9
Тэдгээрийн нэг нь Ц.Хулан. Тэрбээр "МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа" гэж байв.
БАРИМТ 10
Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдсон шалтгаанаа “Хэрэв хүний итгэл найдварыг үүрсэн бол үүрсэн шиг үүрээд, даавал даасан шиг даах ёстой гэж. Хэдийгээр би утга зохиолын нөлөөгөөр олонд танигдсан ч гэлээ хууль тогтоох засаглалд орж ажиллахад минь Дорноговь, Говьсүмбэрийн мянга мянган иргэд итгэлээ өгсөн. Иймд тэр хүмүүсийн төлөө ажилласан шиг ажиллана. Ямар ч үзүүр өнцөг, эрх ашиг байсан тэднийхээ төлөө хатуу зогсоно. Энэ бол миний суурь бодол.
БАРИМТ 11
Мэдээж зөвхөн тойрог гээд туйлшрахгүй. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэр чиглэлд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхаарч ажиллана. Мөн энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд ард олны санаа бодлыг, УИХ-д тавьж байгаа үнэлэлт дүгнэлтийг бодоод үзэхээр “Төр засаг үнэхээр болохоо байчихаад байна уу” гэсэн асуулт гарч ирдэг. Тэр бүхнийг бодоод үзэхээр “Бас арай ч дээ. Ийм ч болгочих гэж дээ” гэж халаглах, эргэлзэх, эмзэглэх үе олон төрж байна. Гэхдээ өмнөх хүмүүсийн тавьсан зам дээгүүр бид хүссэн ч, эс хүссэн ч явах л болно. Үүнийг бас бодож ажиллах хэрэгтэй” гэж байжээ.
БАРИМТ 12
Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нарын хамтаар 2019 онд Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон, хуульчлан баталгаажуулж байв.
БАРИМТ 13
МАН-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөсөн барьсан нь 2018 оны арваннэгдүгээр сар. Тэдгээр 27 гишүүний дотор Г.Мөнхцэцэг багтаж байсан Засгийн газрыг огцруулах чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үеэр БНСУ руу явсан гэх шалтгаанаар “зугтааж” байв.
БАРИМТ 14
Нэг үгээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан М.Энхболдын талын 27 гишүүний тоонд багтсан Г.Мөнхцэцэг, У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураахад БНСУ руу зугтаад алга болсон нь түүнийг урвагч уу, улаан хамгаалагч уу гэсэн асуултыг үлдээсэн юм.
БАРИМТ 15
Г.Мөнхцэцэгийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд гарын арван хуруунд багтахаар цөөн үг хэлсэн хүний нэг. Хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа дараалан сонгогдсон ч ирцэнд орж, кноп дарж суухаас илүүг хийж чадаагүй л яваа.
БАРИМТ 16
Түүний нөхөр улсын начин Ш.Лхагвасүрэн. Бусад гишүүний адил томоохон компани, хувийн бизнесгүй ч амьдралаа авч явах үүднээс олонд танигдаагүй жижигхэн бизнестэй. Бусдаас илүү гараад байхгүй ч амьдралаа бол аятайхан аваад явчихдаг гэдгийг тэрбээр онцолсон байдаг.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь жилийн 53 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 12 сая төгрөгийн орлого олдог тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Хоёр орон сууцтай. Тэдгээр нь 570 сая төгрөгөөр үнэлэгддэг.
БАРИМТ 18
Toyota Prius, Toyota Lexus маркийн хоёр машинтай 45 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
БАРИМТ 19
Сая төгрөгийн хадгаламж, гурван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Ямар нэгэн хувийн компани байхгүй бөгөөд “Эрдэнэс таван толгой”, Говь ХК, Улсын их дэлгүүр ХК-аас хувьцаа эзэмшиж байна.
БАРИМТ 20
Тэрбээр англи хэлтэй.
БАРИМТ 21
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нэг удаа “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн, гар хөлөө хөдөлгөсөн, ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа. Монгол Улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авагчдын 50 хувь нь 350 мянгын тэтгэвэр авдаг. Энэ бол харамсалтай тоо" гэж хэлсэн нь шуугиан тарьсан.
БАРИМТ 22
Тэрбээр “Болор цом”-д дөрвөн удаа айрагдаж байсан. Харин 2000 онд цомыг нь гардсан. Мөн Монголын зохиолчдын эвлэлийг удирдаж байсан нэгэн.
БАРИМТ 23
Тэрбээр энэ дөрвөн жилийн хугацаанд Жендерийн эрх тэгш байдлын тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг санаачлан гар бие оролцжээ.
БАРИМТ 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 7-р тойргоос нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл (9)