FTX-ийн салбар компанийн гүйцэтгэх захирал 2022 оны сүүлээр криптовалютын аварга компанийг сүйрүүлсэн хэргээр шоронд суусан. Тодруулбал, FTX-ийн Бахамын охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Райан Саламед 90 сарын хорих ял оноолоо гэж АНУ-ын холбооны прокурорууд мэдэгдэв.
Дампуурсан крипто биржийн үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридийн ойрын хүн байсан Саламе өнгөрсөн оны есдүгээр сард улс төрийн кампанит ажлын санхүүжилтийн хууль тогтоомжийг зөрчиж, хууль бус мөнгөний бизнес эрхэлснийхээ төлөө гэм буруугаа хүлээсэн.
Энэ оны эхээр Банкман-Фрид FTX-ийн үйлчлүүлэгчдээс 8 тэрбум ам.доллар залилсан хэрэг ил болж, 25 жилийн хорих ял авсан. Нью-Йоркийн өмнөд дүүргийн прокурор Дэмиан Уильямс "Саламе хоёр ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь Америкчуудын сонгуульд итгэх итгэл, санхүүгийн тогтолцооны бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлсөн" гэж мэдэгджээ.
Тангарагтны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Саламег FTX-ийн бүтэлгүйтлээс үүдэлтэй долоон луйвар, хуйвалдааны хэргээр гэм буруутайд тооцсон. Прокурорууд үүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын нэг гэж нэрлэжээ.
Шоронгийн хугацаанаас гадна түүнд гурван жилийн хяналтан дор суллах ял оноож, 6 сая гаруй доллар хурааж, 5 сая гаруй долларын нөхөн төлбөр төлөхийг тушаажээ. Саламе нь Аламедагийн гүйцэтгэх захирал асан Кэролайн Эллисон, FTX технологийн захирал асан Гари Ван, FTX инженерийн захирал асан Нишад Сингх нарын хамт уг компанийн дөрвөн дээд захирлын нэг байсан.
Л.Сайнаа