БНАСАУ суртал ухуулгын хуудас, хог хаягдал ачсан 90 баллоныг Өмнөдийн хилийн хоёр муж руу хаясан тул Өмнөд Солонгосын эрх баригчид оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Өмнөд Солонгосын арми мөн лхагва гарагт олон нийтэд хандан цагаан бөмбөлөг, гялгар уутанд бохир хог хаягдал агуулагдаж байгаа тул түүнд хүрэхгүй байхыг анхааруулав. Кёнги, Канвон мужаас олдсон бөмбөлгүүдэд одоо холбогдох байгууллагууд шинжилгээ хийж байна. Хойд болон Өмнөд Солонгос 1950-иад оны Солонгосын дайнаас хойш суртал ухуулгын кампанит ажилдаа бөмбөлөг ашиглаж ирсэн.
Хойд Солонгос өмнөд нутгийн идэвхтнүүд хилийн бүсэд ойр ойрхон "ухуулах хуудас болон бусад хог хаягдал тарааж" байгаагийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа эл хэрэг явдал болжээ.
БНАСАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Ким Кан Ил мэдэгдэлдээ “Удахгүй БНСУ-ын хилийн бүс нутаг болон дотоод хэсэгт хаягдал цаас, бохирын овоолго тараагдана" гэх утга бүхий зүйлийг ням гарагт хэлжээ.
Мягмар гаргийн орой Өмнөдийн нийслэл Сөүлээс хойд зүгт болон хилийн бүсэд амьдардаг оршин суугчид мужийн удирдлагуудаас гэрээсээ гарахгүй байхыг хүссэн мессеж хүлээн авчээ. Мөн тэд "үл таних зүйл" илрүүлсэн тохиолдолд хамгийн ойр байрлах цэргийн анги, цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхийг хүссэн.
Л.Сайнаа