"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлж байна. Манай 7 тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй.
Тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөхөөр Тайландыг зорьсон юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадаг 5:0-ээр илүүрхэж, хоёрдугаар тойрогт Канадын Скарлетт Делгадотой оноолт таараад байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт, Ираны боксчин Даниал Шахбахшийг 5:0-ээр хожсон. Ингэснээр гуравдугаар тойрогт Германы Денис Брилтэй тулалдахаар болжээ.
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д хүч сорьж буй Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул манай тамирчин дараагийн шатанд шалгарсан билээ. Тэрбээр гуравдугаар шатанд Болгарын Родаслав Росеновтой өнөөдөр тулалдана.
Харин эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний даваанд Доминика улсын тамирчин Дэлрой Жно Чарлестай хүч үзнэ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорьж байв.
Монгол боксын төрөлд одоогоор олимпийн ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм.
Зуны олимпийн наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлж байв.
Сэтгэгдэл (1)