-
"Аймшгийг зогсоох ёстой": НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш Изриалийн довтолгоог буруушаав. "Газад аюулгүй газар байхгүй. Энэ аймшигт явдлыг зогсоох ёстой" гэж тэр хэлэв. Мягмар гарагт буюу өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, дайралтын талаар хэлэлцэнэ гэж НҮБ-ын дипломатч мэдэгдэв.
-
"Жигшүүртэй зүйл": НҮБ-ын тусламжийн тэргүүн Мартин Гриффитс Нетаньяхугийн халдлагын эсрэг хариу үйлдэл үзүүлснийг шүүмжиллээ. "Халдлага нь дайны гэмт хэрэг байсан уу, эсвэл Газын ард түмний хувьд "эмгэнэлтэй алдаа" байсан уу, ямар ч маргаан байхгүй. Өнгөрсөн шөнө болсон явдал бол хамгийн харгис хэрцгий хэрэг байсан" гэж Гриффитс хэлэв.
-
"Тэвчихийн аргагүй": Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон агаарын довтолгоонд "эгдүүцэж" байгаагаа илэрхийлж, гал зогсоохыг уриалав. Агаарын дайралтаас болж шатсан цогцос, тэр дундаа хүүхдүүдийн дүрсийг тэр "тэвчихийн аргагүй" зүйл гэж тодорхойлжээ. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел хэлэхдээ, Израиль Олон улсын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ цохилтыг "аллага хядлага" гэж нэрлээд, Израилийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохын тулд тус улс нь чадах бүхнээ хийх болно гэжээ.
-
"Зүрх эмтэрсэн": АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч энэ цохилтыг "зүрх шимшрүүлэм" гэж хэлээд, АНУ юу болсныг тогтоохын тулд Израилийн албаны хүмүүстэй холбоо тогтоох болно гэж нэмж хэлэв. Хэвлэлийн төлөөлөгч мөн "Израиль ХАМАС-ын араас л явах эрхтэй" гэжээ.
-
"Энгийн иргэдийн амь насыг үл тоомсорлож байна": Эмнэлгийн тусламж үзүүлдэг сайн дурын байгууллагууд уг үйлдлийг эрс зэмлэн буруушааж, Газад "нэн даруй гал зогсоохыг" уриалав. Хуаранд хийсэн агаарын цохилт нь "энгийн иргэдийн амь насыг үл тоомсорлож байгааг харуулж байна" гэж мэдэгдсн байна.
-
"Газын там": "Өнгөрсөн шөнийн дүр зургууд Рафах хэрхэн дэлхий дээрх там болон хувирсныг гэрчилж байна" гэж НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн (UNRWA) Ерөнхий комиссар Филипп Лаззарини хэлэв.
-
Довтолгоо нь хэлэлцээрт "саад болж" магадгүй: Катар Израилийн Рафах хуаранд хийсэн цохилт нь барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт том "саад болно" гэж мэдэгдэв. Катарын Гадаад хэргийн яам энэ цохилтыг "олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн" гэж тодорхойлов.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)