Баримт 1
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар. Тэрбээр Хөвсгөл нутагт төрж өссөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийг төгссөн.
Баримт 3
Их сургуулиа төгссөний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажилд орсон. Тус яаманд 10 жил ажилласны эцэст УБЕГ-т шилжин ажилласан.
Баримт 4
МАН-ыг мандан бадарч байх үед УБЕГ-ын улсын байцаагчаас тус газрын дарга хүртлээ дэвшсэн. Гэхдээ энэ бүхнийг ганцхан жилийн дотор амжуулсан сүйхээтэй нэгэн.
Баримт 5
Түүнийг УБЕГ-ын даргаар ажиллаж байхад “царцааны” асуудал жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэх шар мэдээ гарч байсан. Газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөхөөр ажилласан.
Баримт 6
Улмаар 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн. Гэтэл сонгуулийн дараа “нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн” хэмээн Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.
Баримт 7
Сонгуульд ялагдал хүлээсний дараа шархаа нөхөхөөр Хөвсгөл нутгийг зорьж тэндээ суурьшсан гэхэд болно. Энэ хугацаанд Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр ажиллах болж, хөвсгөлчүүддээ дөрвөн жил хайр зарласны эцэст УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Үүний дараа 2020 онд тойрогтоо дахин нэр дэвшиж, өдгөө гишүүнээр ажиллаж буй.
Баримт 8
Тэрбээр 2020 онд сонгуульд 29 мянган хүний санал буюу 49 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Баримт 9
Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод буй тэрбээр олны хэл амнаас хол байх дуртай. Тиймдээ ч тэр үү, чуулган, байнгын хорооны хуралдаанаар тийм ч олон удаа байр сууриа илэрхийлээд байдаггүй. Хаа нэгтэй ам нээхдээ Хөвсгөл нутаг, эс бөгөөс тэтгэвэр тэтгэмж, Засгийн газар, нам эвслийн тухай ярихаас хэтрэхгүй.
Баримт 10
МАН-ын 32-ын бүлэгт харьяалагддаг, Засгаа огцруулахын эсрэг байсан. Одоо УИХ-ын дэд даргаар ажилладаг.
Баримт 11
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар намын ах нараа дагаж хурдан моринд хорхойссон нэгэн. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Түмний эх” галын уяач, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хул халзан даага айргийн тавд хурдалсан юм. Эл хурдан даага нь Тод манлай Д.Ононгийн адууны угшилтай гэх.
Баримт 12
Эр хүн сайхан хүүхэн, хурдан хүлэгт нугасгүй гэдэг үг Л.Мөнхбаатарт яг тохирсон үг. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ 90 сая төгрөгийн хурдан удмын 25 адуутай гэж мэдүүлсэн нь хурдан моринд гар татдагггүй нэгэн болохыг харуулах биз.
Баримт 13
Тэрбээр гишүүний хувьд гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд 12 сая төгрөгийн цалинтай байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн байна. Харин 2017, 2018 онуудад орлого нь гэнэт буурч 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Харин хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлгээр харахад түүний орлого 48 сая болжээ.
Баримт 14
Гэр бүлийн гишүүд нь түүнийг гишүүн байхаас өмнө 252 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн гурван сая шахам, 2022 онд 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 15
Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээрээ 932 сая төгрөгөөр үнэлсэн. ,Mercedes Benz, GLE 400 маркийн хоёр машинтай, 170 сая төгрөгийн үнэлгээтэй. Нийт 150 сая төгрөгийн үнэт эдлэл, найман сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэг өр зээлгүй юм байна.
Баримт 16
Төрд арав гаруйхан жил ажилласан хэрнээ чамгүй хөрөнгө цуглуулсан нэгэн болох нь түүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс харагдсан байх. Бүр нарийвчилбал, “Бодиткапитал” ХХК-тай. Тус компани нь гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 2013 онд байгуулагдсан. Уг компанийг Б.Бурмаа гэх хүн толгойлж, Л.Мөнхбаатар гишүүн 100 хувь эзэмшдэг гэжээ.
Баримт 17
Л.Мөнхбаатар гишүүний хувьд 2007 онд С.Баярын сонгуулийн менежерээр ажиллах болсноор улс төрд хөл тавьсан гэх юм билээ.
Баримт 18
Энэ цагийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсон. Тэдний нэг ч гэсэн Л.Мөнхбаатар гишүүн. Түүнийг "Аёон” пропортийз" ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх юь бий.
Баримт 19
ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэх хуралдааныг тасалсан хэрнээ “ЖДҮ-гийн асуудлаас болж жинхэнэ ЖДҮ-чид талбай дээр жагсана шүү” гэж чухал царай гаргаж явсан нэгэн.
Баримт 20
Эл хэргийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгосон нэг тэрбумын ЖДҮ-гийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх асуудалд түүний нэр мөн л хавчуулагдаж байв.
Баримт 21
Дөрвөн жил нутагтаа галаа манасан тэрбээр Хөвсгөл аймгийн газрыг нутгийн бус иргэд өмчилж, эзэмшиж байгаад дургүйцдэг нэгэн. Тодруулбал, энэ талаар “Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн хувьд газар бол тэдний оршин байх үндэс нөхцөл бөгөөд энэ талаар эдгээр тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдээс байнга гомдол, санал гаргаж байдаг хэдий ч төрийн аль ч шатны байгууллагад шийдэгдэхгүй, иргэд хохирсоор, цаашдаа хэвийн ажиллаж амьдрах нөхцөлгүй болж байна" хэмээгээд дараах асуулгуудыг тавьж байсан удаатай.
Баримт 22
Парламентад олонх болсон МАН-ын гишүүд Итгэлийн зээл гээчийг санаачилсан нь багагүй дуулиан тарьж байв. ЖДҮ-гээс тэрбумаар нь зээл авсан хэрнээ ард иргэдийг шилний цаанаас чихэр долоолгох гэлээ гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.ДамбаОчир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарын санаачилсан хуулиар барьцаагүй, бага хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох байсан юм.
Баримт 23
Тэрбээр энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль, Хувийн тэтгэврийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Банкны тухай хуулиудад гар бие оролцжээ.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог нэр дэвшинэ.
Сэтгэгдэл (7305)