Энэтхэгт тоглоомын төвд гал гарч, хамгийн багадаа 27 хүн нас барсан гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгдэв. Баруун Гужарат мужийн Ражкот хотод уг үйл явдал болжээ.
Цагдаагийн ахлах ажилтан Радхика Бхарай амиа алдагсдын тоог нарийн гаргасан гэдгийг мэдэгдээд, "Цогцсууд танигдахын аргагүй шатсан тул хэн гэдгийг нь тогтооход хэцүү байгааг" онцолсон байна.
Барилгын нуранги дор олон хохирогчид дарагдсан хэвээр байх вий гэсэн болгоомжлол бий. Өмнө нь Ражкот хотын цагдаагийн комиссар Ражу Бхаргава ВВС Гужарати агентлагт 24 хүн нас барсан гэж мэдэгдэж байв. Тэдгээрийн цөөнгүй нь хүүхэд байсан гэдгийг мэдэгдэв.
Гал түймэр бямба гаргийн үдээс хойш тоглоомын газар хүүхэд залуучуудаар дүүрсэн байх үед гарсан байна. Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй ч тус мужийн захирагч Бхупендра Пател уг хэрэгт "тусгай мөрдөн байцаах баг" томилжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ражкот хотод гарсан түймэрт маш их зовж, шаналж байгаагаа мэдэгдээд ойр дотны хүмүүст сэтгэлийн дэм болохоо амлав.
Л.Сайнаа