Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдөж, Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн ихтэй барилдаанууд үзүүлсэн хоёр багийн барилдаанд Ховд аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, хоёр дахь АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.
Уг барилдаанд олныг алмайруулж, Ховдын хүчирхэг тавыг хонгодож, хөмөрсөөр уран гэгч нь унагасан ганц хүчтэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар байв. Түүнд ард түмэн "цахилгаан" гэх хоч өгсөн нь учиртай. Хэний ч төсөөлөөгүй мэхийг хийж, хийсэн мэхээрээ өрсөлдөгчөө баттай өвдөг шороодуулдаг нь зөвхөн тэр.
Зоригтой, баатарлаг бас үнэн зоригт түүнээс төрөлх сумынхан нь арслан цол горьддог сураг ч бий. Үнэндээ л тэр гуйж биш гуядаж авахаар том бөх болжээ. Тэртээ 2010 оны эхээр улсын аварга, өсвөрийн барилдаанд үзэгдэх болсон Зоригоог хүмүүс Аймгийн заан цолтой аралцаж явснаас нь мэдэх байх. Бөхийн өргөөнд олонтоо түрүүлж, бөх сонирхогчдын хамгийн их үзэх дуртай бөхөөр нэрлэгдсэн түүнээс зөвхөн нутгийнхан нь ч гэлтгүй бүгд л арслан цол хүлээж байгаа.
Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Биеийн өндөр 180 см, жин 108 кг. Тэр мөн сум, аймаг цэрэг, улсын цолтны барилдаанд бүгдэд нь олонтоо түрүүлсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Даншиг наадамд түрүүлж арслан болсон хүн чинь давшиж барилдсаар улсын наадамд түрүүлэх чансаа заалгүй л яахав дээ...Үнэхээр л тэр "үнэн зоригт баатар" бөх билээ...
Улсын наадмын дэвжээнд,
2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн.
2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.
Аймгийн наадмын дэвжээнд,
2016 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн.
2017 оны Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн.
2018 оны Налайх дүүргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн.
2018 оны Орхон аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Мөнх-Ирээдүйгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9429)