Баримт 1
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр Нийслэлийн 52 дугаар дунд сургууль, “Бэрс” Кино урлагийн дээд сургуулийг төгссөн.
Баримт 3
Ажлын гараагаа 1992 оноос эхэлж, МҮОНТ-д туслах найруулагчаар ажиллаж, хүүхэд залууст зориулсан “Харц” нэвтрүүлгийг хөтөлснөөр нэвтрүүлэгч болох гараагаа эхлүүлжээ. 1996 оноос “Ийгл” телевизээр овоглож, мэдээний сурвалжлагч, сэтгүүлч, мөн UBS телевизэд зургаан жил ажилласан байна.
Баримт 4
Англи, Орос хэлтэй.
Баримт 5
Түүнийг хүмүүс “Ийгл” телевизийн, сэтгүүлч, нэвтрүүлэгчээр таньдаг. Харин улстөрчийн хувьд тэрбээр "шинэ хүн". Түүнд улс төрийн арвин туршлага, туулсан зам мөр байхгүй. Парламентын гишүүд дундаа танигдаагүй улстөрч.
Баримт 6
Түүний хувьд багаасаа дэлгэцийн урлагтай нөхөрлөж, "Мөнгөн хонх", "Агшин" зэрэг кинонд дүр бүтээжээ.
Баримт 7
2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх нэвтрүүлэгтэй болж, нийгэм улс төрийн салбарыг хөндсөн ярилцлага хийж, телевизийн салбарт 30 жил ажилласан намтар, түүхтэй.
Баримт 8
2018 онд АН-аас, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвших санал ирсэн тэрбээр “Өөрийнхөө дуртай ажлыг хийнэ” гэж татгалзсан удаатай ч 2020 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Баримт 9
МАН Сонгинохайрхан дүүрэгт хоёр "шинэ хүн"-ээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт даатгаж, нэр дэвшүүлсний нэг нь Б.Жаргалмаа байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг Голомтын Д.Баясгалангийн "хүн" гэх нь ч бий.
Баримт 10
УИХ-ын чуулганы танхимд сайн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүлээлт үзэгч олонд нь байсан. Гэвч парламентад сайн сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэхээс илүү намын батлахтай гишүүний ажлаа хийсээр ирсэн.
Баримт 11
Чуулганы танхимд хуулийн төслийг нэвтрүүлэг уншиж байгаа мэт уран цэцэн уншсан нь олны анхаарлыг татсан. Харин байнгын хороо, чуулганы танхим тэр байтугай сэтгүүлчдэд тэр бүр яриа өгдөггүй.
Баримт 12
Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс нь иш татвал “Бид Монголоо яаж мандуулах вэ, Монголоо яаж авч үлдэх вэ гэдэг дээр бодлого барих хэрэгтэй байна. Бид энэ асуудал дээр алдаад байгаа шүү. Өнөөдөр яагаад охид Black pink, BTS-ийг яриад байгаа юм бэ. Яагаад бид язгуур урлаг, бий биелгээ, Алтайн магтаал ийм учиртай юм гэдэг контент хийхгүй байгаа юм бэ. Бид даяарших ёстой. Гэхдээ Монголоо авч үлдэх хэрэгтэй” гэсэн нь шүүмжлэл дагуулсан.
Баримт 13
Үүнээс гадна 2020 онд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн барихтай зэрэгцэн “Архины гоё ганган савлагааг болиулна” гэж яриад "онигоо"-нд орж байв.
Баримт 14
Б.Жаргалмаагаар овоглох хуулийн төсөл байхгүй ч 2021 онд сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүйг хэлж, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамт Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байв.
Баримт 15
Энэ тухайгаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгасан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм.
Баримт 16
Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэж онцолж байв.
Баримт 17
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 48 сая, гэр бүлийн орлого 8 сая хэмээн мэдүүлжээ.
Баримт 18
Мөн тэрбээр 272 сая төгрөгөөр үнэлэгдэх зуслангийн 1 байшин, нийтийн орон сууц нэгтэй аж. Харин 113 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200 автомашинтай.
Баримт 19
160 төгрөгийн малтай буюу Адуу 50, Үхэр 30, Хонь 280, Хурдан удмын адуу 2. 235 сая төгрөгийн үнэт эдлэл, Хадгаламждаа 7.2 сая төгрөгтэй аж.
Баримт 20
Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-ийн 1000 ш буюу 12 хувийн хувьцаа эзэмшдэг.
Баримт 21
Нэгэн цагт дүүгийнхээ хүүхдийг автомашинаараа санамсаргүй дайрч амь хохироосон гэх “муу нэр”-ийг ч тэр зүүж явсан. Хэдхэн жилийн өмнө тархины хавдраар өвдөж элэг нэгт монголчуудаасаа тусламж гуйж явсан.
Баримт 22
Бага залуугаасаа телевизийн салбарт ажиллаж сэтгүүлч, нэвтрүүлэгч, тоймч хийж ирсэн тэрбээр өнөөгийн парламентийн “хэлгүй” гишүүдийн нэг. Чуулганд тэр бүр үг хэлж, санаа оноогоо бусадтайгаа хуваалцаад байдаггүй учраас иргэдээс ийм тодотгол хүртсэн.
Баримт 23
Тэрбээр парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй бололтой. Учир нь Б.Жаргалмаа гэх нэр сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад ороогүй байна.
Сэтгэгдэл (9471)