Испанийн Майорка арлын нэгэн алдартай амралтын газарт ресторан нурсны улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж цагдаа нар Пүрэв гарагт CNN-д мэдээлэв. Түүнчлэн арав гаруй хүн шархадсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг олохоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү ресторан нь далайн эрэг дагуу байрлалтай, хоёр давхар барилга аж. Хохирогчдыг Пальма хотын эмнэлгүүдэд яаралтай хүргэсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Онцгой байдлын албаны мэдээлснээр, сэтгэл судлаачид хохирогчдод туслахаар газар дээр нь ажиллаж байгаа гэнэ. Майорка бол Газар дундын тэнгис дэх Испанийн Балеарийн арлуудын нэг хэсэг юм. Арал бүх жилийн турш харьцангуй дулаахан уур амьсгалтай, наран шарлагын газар элбэг байдаг нь Европ даяар ирсэн жуулчдын очих дуртай газар болжээ.
Л.Сайнаа