БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр 1977 он Улаанбаатар хотод төрсөн. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн. МУИС, төрийн санхүүч, бакалавраар, Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр, АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр, Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр хамгаалсан.
БАРИМТ 3
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 4
Ажлын гараагаа Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээр эхлүүлсэн. Тус яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Олон улсын валютын санд Ази, Номхон далайг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байсан туршлагатай гээд намтар түүхээс нь дурдаж болно.
БАРИМТ 5
Харин улс төрийн түүх нимгэнтэй. 2016 оноос эхлэн С.Ганбаатарын угшилтай Хөдөлмөрийн үндэсний намд удирдах зөвлөлийн даргын алба хашиж, 2020 онд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, гишүүн болсон.
БАРИМТ 6
Тэрбээр өдгөө ХҮН-ын даргын албан тушаал хашдаг.
БАРИМТ 7
Төрийн ордны босгоор алхсан анхны өдрөөсөө буюу гишүүний үнэмлэхээ авахдаа пүүз өмсөж, ангийнхнаасаа "онгойрсон" нь олны шүүмжлэл, магтаал дагуулсан юм.
БАРИМТ 8
Чуулганы хуралдаан дээр архагуудтай "ам зөрж", ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж ирсэн юм. Олонд "зүслэгдэх"-ийн тулд пиартаа популизм ашиглаж, ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж, эрх баригчдыг наанаа байнга шүүмжилдэг.
БАРИМТ 9
Харин цаанаа түүнийг, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд олон. Өөрөөр хэлбэл, ХҮН ба түүнийг МАН-ын захиалгаар ажилладаг гэх хардлага бий. Учир нь, эрх баригч нам хийгээд парламентад суудалтай намууд зөвшилцөж, тунхаг бичигт гарын үсэг зурснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр болсон.
БАРИМТ 10
Үүний эхлэлийг ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Н.Ганибал, Ш.Адьшаа нар тавьсан. Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог улс төрийн гол сэдвээ болгоод зогсохгүй намынхаа чиг хандлагыг өөрчилснөө зарласан.
БАРИМТ 11
Т.Доржханд гишүүн төв талбай дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэх жагсаал хийсэн. Харамсалтай нь, түүний жагсаалыг дэмжсэн нь цөөхөн.
БАРИМТ 12
Т.Доржхандын гомдлоор Үндсэн хуулийн Цэц түүний санасныг гүйцэлдүүлж, сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
БАРИМТ 13
Тэрбээр “Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорциональ тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно. Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ” гэж хэлсэн байдаг.
БАРИМТ 14
Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд бичигдсэн. Тухайлбал, түүний жилийн орлого 13 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг байжээ.
БАРИМТ 15
Харин 2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 46 сая, гэр бүлийн орлого 157 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Жилийн дотор түүний орлог хэрхэн өссөнийг эндээс харж болох аж.
БАРИМТ 16
Мөн тэрбээр 1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх, нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын Nissan маркийн автомашинтай. 12 адуутай.
БАРИМТ 17
Тэрбээр Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Зээл Эм Эн ХХК, Монреимпекс ХХК, Монре Даатгал ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре файнаншиал ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 18
Хоёр жил гаруй парламентад суухдаа банкны реформ, тогтолцоог өөрчлөх, авлига, төсвийн хулгайг таслан зогсоох ёстой талаар ярьсан бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан.
БАРИМТ 19
Тэрбээр 2022 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн тоонд багтсан.
БАРИМТ 20
Харин хамгийн сүүлийн ирцийн мэдээллээр буюу 2023 оны намрын чуулганы хуралдаанд 82,9 хувийн ирцтэй оролцжээ.
БАРИМТ 21
Тэрбээр саяхан гишүүний цалингаа голж, төрийн ордныг хуучин, хүйтэн хэмээн шүүмжилснийг уншигч та мэдэх биз.
БАРИМТ 22
Тухайлбал тэрбээр "УИХ-ын гишүүн боллоо гээд айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Авдаг цалин бага байна. Миний өмнө ажиллаж байсан байгууллагын хоёр цагийн цалинг л өгч байна. Маш бага байна. Орчин бол хуучин байшин байна. Өвөлдөө гишүүд паар тавиад суудаг нь үнэн шүү дээ" гэсэн юм.
БАРИМТ 23
Түний намтраас харвал УИХ-ын гишүүнээр сонгогдохынхоо өмнө Олон улсын валютын сан, Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байж. Гишүүний цалин 1.5 сая гэд тооцоод үзвэл өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа сард 180 сая төгрөгийн цалин авдаг болж таарч байна.
БАРИМТ 24
Тэрбээр намынхаа жагсаалтад өөрийгөө залсан бөгөөд жагсаалтаар нэр дэвших аж.
Сэтгэгдэл (7139)