БАРИМТ 1
Авралын орон бурхан багш анх бодийн дээд сэтгэлийг үүсгээд завсарт агуу их буяныг хураагаад эцэст илтэд туулсан бурханы хутгийг олсон байдаг. Бурхан багшийн намтар, үйлс санаанд багтамгүй боловч эртний мэргэд түүнийг машид товч хурааж арван хоёр зохионгуй болгон өгүүлсэн байдаг билээ.
БАРИМТ 2
Бурхан багш урьдын ерөөлийн хүчээр Түшита (Төгс Баясгалант) тэнгэрийн оронд төрж Бодьсадвын дүрээр тэнгэр нарын тусыг хэмжээлшгүй бүтээж байгаад “Би Замбутивд залрах цаг болсон бөгөөд Майдар бээр та нарт намайг орлон дээдийн номыг айлдана” хэмээгээд өөрийн титэм чимгийг Майдарын тэргүүнд өргөөд ийнхүү Замбутивд залрахаар болжээ.
БАРИМТ 3
Энэтхэгийн Шагжа овгийн хаан Шудхаданагийн хатан Махамаяа бээр нэгэн өдөр” Гэрлийн гилбэлгээн дунд үүл хөлөглөсөн зургаан соёот заан буун ирж хэвлийд шингэлээ” хэмээн сонин зүүд зүүдлэжээ. Тэр цагт элдэв янзын гайхамшигт шинж тэмдэг гарч Махамаяа хатан хөл хүнд болсон аж.
БАРИМТ 4
Бурхан багш хатан эхийн хэвлийд бойжин ертөнцөд мэндлэх болмогц Махамаяа хатан төрхөмдөө очиж амарждаг заншлын дагуу хаан эцгийн гэрийн зүг хөдлөв. Зам зуураа Лүмбинийн цэцэрлэгт саатан амсхийн Болгаша модны мөчрөөс барин зогсох агшинд хүү эхээс мэндлээд дөрвөн зүгтээ долоо, долоо алхваас гишгэсэн газар бүрээс нь лянхуа цэцэг ургасан ажээ. Мөн хүүг мэндэлмэгц цэцгэн хур буух, гэрэл цацрах гэх мэт өлзийт сайн шинж тэмдэг олноо гарсан гэдэг.
БАРИМТ 5
Энэ үед ер бусын хөвгүүн мэндэлснийг ууланд даяанчилж байсан мэргэн даяанч Асита зөн билгээрээ мэдэрч, уулнаас бууж ордонд морилон хүү түүний шинж төрхийг хараад тэрээр “Хүү тань төрийг барих аваас Чакраварти (Хүрдэн эргүүлэгч) хаан болно. Хэрэв тойн болвоос Үнэхээр туулсан бурхан (Төгс гэгээрсэн бурхан) болно” хэмээв.
БАРИМТ 6
Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.
БАРИМТ 7
Даяанч Асита хэдийгээр бурхан мэндэлснийг харсан боловч ном сургаалыг нь сонсож чадахгүйгээ мэдэж харамсан уйлсан гэдэг. Хаан эцэг хөвгүүндээ Сиддхарта (Тус бүтээгч) хэмээх нэр хайрлав.
БАРИМТ 8
Сиддхарта бага балчир наснаасаа цэргийн урлаг, утга зохиол, хэл бичиг, тоо бодлого зэрэг олон эрдэм ухаанд суралцаж төгс гарамгай эзэмшсэн байна. Ингэж эрдэм мэдлэгээрээ ордон төдийгүй улс орон даяар алдаршин, хэнтэй ч зүйрлэшгүй нэгэн болсон ажгуу.
БАРИМТ 9
Хан хөвгүүн өсөж арван зургаан нас хүрэхэд хаан эцэг Шудхадана хүүдээ хатан авч өгч өөрийн хаан ширээг залгамжлуулахаар шамдан ятгаж, улс орны хамгийн гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийг цуглуулж тэр дундаас Супрабудда хааны охин Ясодхара гэгч бүсгүйг сонгов.
БАРИМТ 10
Ясодхара гоо үзэсгэлэнт дүртэй, оюун ухаан төгс, журмыг сахисан шударга номын явдалт нэгэн байв. Хаан эцэг тэднийг гэрлүүлж, тансаг хурим хийлгүүлж, гоёмсог орд харшид элбэг хангалуун амьдралд умбуулжээ. Эцгийн санаа амарч, Сиддхартаг хаан төрийг залгамжилна гэдэгт итгэж байв.
БАРИМТ 11
Сиддхарта хөвгүүн 29 насыг хүртэл ордны язгууртны тансаг амьдарлаар өнгөрүүлэв. Эцэг нь хүүгээ даяанчийн замыг сонгохоос сэргийлж, энэ хугацаанд эгэл жирийн эрээн бараан амьдралтай хутгалдуулалгүй хол хөндий байлгав.
БАРИМТ 12
Сиддхарта хэдийгээр тансаг сайхан амьдралд умбаж байсан ч хэзээ ч жинхэнэ аз жаргалтай байсангүй. Жаргал гэдгийг өнгөцхөн зүйл гэдгийг ойлгож байв. Тэрээр нэгэн удаа хотоос гадагш заларч яваад хотын дөрвөн зүгт эмгэг өвчтэй хүн, өтөлж хөгширсөн хүн, дамнуургатай үхсэн хүн, ариун явдалт хуврагийг харж болгоогоод орчлонгийн жинхэнэ жам ёсыг ухаарч, түүнд хуврагын зам таалагдан хуврага болохын мөрөөдөлд автсан аж.
БАРИМТ 13
Ингээд Сиддхарта 29 насандаа нэгэн шөнө гэрийнхнийгээ унтаж байхад нь чимээгүй салах ёс үйлдээд ордноос зугтан гарч энгийн даяанч хуврагын амьдралыг сонгожээ.
БАРИМТ 14
Хаан эцэг нь хүүгээ тэнэмэл даяанчийн байдлаар цор ганцаар хэсүүчлэн явааг сонсоод түүнд бараа бологчоор 500 хүн явуулсан боловч тэднээс дөнгөж таван хүнийг үлдээгээд бусдыг буцаажээ.
БАРИМТ 15
Гэрээ орхин үнэнийг эрэн хайгч Бодьсадва тэрээр 5 нөхдийн хамт Ниранзана мөрний хөвөөнд зургаан жилийн турш хатуужлын даяаныг бясалган үйлдэв. Энэ хугацаанд цөөн тооны будаа, балга усаар амь зогоон, бусад хоол хүнсийг тэвчсэн тул биеийн өнгө нь хар болж машид турж хатсан аж. Ингэж бие махбодийн хатуужил амсан эдлэсэн төдийгөөр туулсан бурханы хутагт хүрнэ гэдэг бүтэхгүй юм байна хэмээгээд даяан бясалгалаа зогсоожээ.
БАРИМТ 16
Бодьсадва тэрээр угаал үйлдэж, тариачны охин Сужатагийн гараас шимт тараг зооглон хүч тэнхээ орж, өнгө зүс сэргэн улмаар Ниранзана мөрнийг гаталж, Бодьгаяа (Очирт суурин) руу залрав.Тэрээр Бодьгаяад ирээд бодь модыг гурвантаа эргэн үйлдээд, түүний дор өвсний наймаачнаас авсан боодол гүши өвсөөр суудал засан очир завилгаагаар суун биеэ цэгц сунгаж, ухаан бодлоо саруул тунгалаг болгов. Тэрээр “Бие минь хатаж ч болох, яс мах минь үйрч эвдэрч болох болсон ч олоход бэрх бурхан бодийг олох хүртэл энэ сууринаас үл босно” хэмээн тангараглан гүн бясалгалд оров.
БАРИМТ 17
Бодь модны дэргэд бясалгаж буй тойныг шулмасууд олж мэдээд түүний бясалгалд саад тотгор болохын тулд гоо охид эмсийн дүрд хувилан хуурах, үзэшгүй аймшгийн муухай дүрд хувилж айлгах, сум харваж, жад шидэн илд мэсний мөндөр буулгаж хорлохыг оролдсон ч Бодьсадва тэдний өөдөөс асрал, энэрэлийн сэтгэлийг бясалган ялан дийлсэн гэдэг.
БАРИМТ 18
Ийнхүү Бодьсадва шулмасын аймгийг дараад 35 нас сүүдэртэйгээ зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр Очир мэтийн даяанд шүтэж Бодьгаяад бодь модны дэргэд үнэнийг таньж, төгс гэгээрсэн Бурханы хутгийг олжээ. Үүнээс хойш түүнийг Будда буюу Бурхан багш хэмээн дуудах болов.
БАРИМТ 19
Бодьсадваг бурханы хутгийг олсныг Эсүрва тэнгэр мэдээд Бурханд очиж “энэ ертөнцийн хүмүүс, амьтдын сэтгэл догширч дийлдэшгүй хэрцгий болов. Иймд та ариун сургаал номлолоо айлдан соёрх” хэмээн сануулав.
БАРИМТ 20
Ингээд Бурхан багш бээр сургаалыг хүлээн авч чадах сав болж боловсорсон таван даяанчид (өмнө хамт даяан хийж байсан хүмүүс) уулзахаар Бодьгаяагаас Варанаси хот руу залрав. Хотын ойролцоох Арш унасан гөрөөсний ойд тэдэнтэй учиржээ. Ингээд Бурхан багш таван даяанчид анхны алдарт “Хутагтын дөрвөн үнэн”-ийн сургаалаа айлдсан юм. Улмаар дунд номын хүрд буюу “Хоосон чанар”- ын сургаалаа Ражгирын Гритра гутади (Тас цогцолсон) ууланд, сүүлчийн номын хүрд буюу “Сайтар ялгал”- ын сургаалаа Вайшалид (уужимт) тус тус айлдсан билээ. Энэ мэт Бурхан багш наян нэгэн сүүдрийг зооглотол тасралтгүй ном сургаалаа айлдсаар тоо томшгүй олон шавь нарыг гэгээрлийн мөрд хөтөлсөн юм.
БАРИМТ 21
Бурхан багш 46 жилийн турш ном сургаалаа айлдан наян нэгэн сүүдэрт хүрч, шавь нарынхаа хамт умар зүгт заларч Капилавастугаас холгүй орших Кушинагар тосгоны Сала нэрт хоёр модны хооронд саатан морилов.
БАРИМТ 22
Тэрээр шавь нартаа сүүлчийн сургаалаа айлдаад тэргүүнээ умар зүгт хандуулан арслангийн хэвтрээр хэвтээд нирвааныг үзүүлжээ.
БАРИМТ 23
Ийнхүү Бурхан багш нирваан дүрийг үзүүлснээс хойш өнөөдрийг хүртэл түүний үүсгэсэн шашин дэлхийн олон улс оронд дэлгэрч, олон зуун сая хүн шүтэн биширч, гэгээрлийн замд хөтөлсөөр байгаа билээ. Бурхан багш “Хэрэв та нар надтай уулзахыг хүсвэл миний сургаал номлолыг судал” хэмээн гэрээслэн захисан ажгуу.
БАРИМТ 24
Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна. Бурхан багшийн их дүйчэн өдөр аргын тооллоор 2023 онд 6-р сарын 4-нд тохиосон.
Сэтгэгдэл (1)