БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Г.Дамдинням. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль, МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш, МУБИС, улс төр судлалын магистр, Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэй.
БАРИМТ 3
Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ.
БАРИМТ 4
Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм.
БАРИМТ 5
Тус сонгуулиар Дархан-Уул аймгаас нэр дэвшиж, 22 мянга 347 иргэний саналыг авч, хоёрдугаарт эрэмбэлэгдэн гарч ирж байв.
БАРИМТ 6
Дөнгөж УИХ-ын гишүүн болчхоод “УИХ-ын гишүүнийг цагдаа нь танихгүй, 30 минут саатууллаа” хэмээн чуулганы индэр дээрээс гомдоллож суусан тэрбээр одоо МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон.
БАРИМТ 7
Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Учир нь УИХ-ын чуулганы индэр дээрээс хараалын үг чулуудаж, тэр нь бүр хоч болчихсон яваад дарханчууд битүүхэн дургүйлхэж суудаг гэх.
БАРИМТ 8
Сонгогдсон тойрог, нийт ард түмний төлөө хийсэн, өөрийн гэсэн автор болсон хуульгүйг сошиалаар ажлаа хийдгээс нь дүгнэж болно.
БАРИМТ 9
Танхимынхаа хоёр найзтайгаа нийлж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаас тэр ганцаараа мултарч үлдсэнд гайхах хүмүүс олон. Тухайлбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хамт дөрөө харшуулаад УИХ-д орсон ч хөгжлийн банкны хэрэгт мөн л дөрөө харшуулсан.
БАРИМТ 10
Эрх барьж байгаа намын бялуу хуваалт бол сайд, байнгын хорооны дарга, түр хорооны дарга гэсэн эрэмбэтэй. Анх удаа сонгогдож байгаа гишүүдэд бол байнгын хорооны дарга бол хатуухан самар л гэсэн үг. Харин Г.Дамдиннямын хувьд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын байнгын хорооны даргын албан тушаалд ажиллаж байв. Харин одоо байнгын хорооны гишүүн болон алба буурсан.
БАРИМТ 11
Дарханд Сангийн сайд Б.Жавхланг эс тооцвол дараагийн нэр дэвшигч, намдаа суудал зулгаачих хүн одоогоор түүнээс өөр үгүй. Тиймдээ хөгжлийн банкны хэргээс “сугалж” үлдсэн нь ч учиртай.
БАРИМТ 12
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил удаашралтай байгаа юу гэвэл тийм ээ. Гэхдээ тэр ажлыг эхлүүлсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харин үргэлжлүүлэгч нь одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ. Г.Дамдинням мянга “Дарханы зам” хэмээн орилсноос үл хамаарч энэ ажил өөр хүний автор болох нь тодорхой.
БАРИМТ 13
Гэхдээ түүний ийн “Дарханы зам”-ын автор болох гэсэн санаа нь 2024 оны сонгуулиа бодсон л алхам гэдэг нь шуудхан уншигдаж байгаа юм. Тэр ингэж л олны анхааралд байгаа сэдвийг барьж авч, өөрийгөө таниулж чаддаг.
БАРИМТ 14
Анх сонгогдсоных нь дараа төрийн цагдаа таниагүй учраас тэр хамгийн галтай сэдвийг сонгож авсан нь түүний попуудын эгнээнд байдгийг илтгэнэ.
БАРИМТ 15
Тэрбээр өчигдөр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Төвийн бүсээс нэр дэвших аж.
БАРИМТ 16
Энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд гар бие оролцон батлуулжээ. Нийт 18 хууль боловсруулж, батлуулсанаас гадна боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын нэн чухал 27 хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ.
БАРИМТ 17
Тэрбээр Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 18
Тэрбээр өнгөрсөн жил нэгэн мэдээлэлдээ "Үндсэн гадаад хэлийг англи хэл гэж Боловсролын хуульд тусгана" хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан удаатай.
БАРИМТ 19
Г.Дамдинням нэрт димломатич Д.Цахилгааны хүргэн. Түүний эхнэрийг Ц.Уянга гэдэг бөгөөд 23 дугаар сургуулийнэ захирал байсан. Түүнийг сургуулийн захираалаар ажиллаж байх үед БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан бөгөөд Г.Дамдинням түүний туслахаар ажиллаж байсан.
БАРИМТ 20
Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөх үеэрээ "Манай эхнэрийн хүүхэд" хэмээн ярьсан нь олны анхааралд өртөж байв.
БАРИМТ 21
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн нийт орлого 1 тэрбум 150 сая төгрөг аж.
БАРИМТ 22
Тэрбээр 920 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 23
Харин дотоодын дансанд 327 сая төгрөг, гадаадын дансанд 95 сая төгрөгийн хадгаламжтай.
БАРИМТ 24
Тэрбээр Топ майнинг солюшнс ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.
Сэтгэгдэл (11)