БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр Дорноговь аймгийн уугуул. 1982 онд аймгийн Нэгдүгээр арван жилийн дунд сургууль, 1987 онд хуучнаар НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэжээ. Цэргийн дээд төгссөн хууль залуу аймгийнхаа цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдож, 1992 оныг хүртэл тасгийн даргаар ажилласан байна.
БАРИМТ 2
Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед Б.Дэлгэрсайхан цагдаагийн мөрдэсөө тайлж, ганзагын наймаанд, гахай үүрч явахдаа “Дорнын говь” компанийг байгуулжээ. Төмрийн хүдэр, төмөр замын тээвэр, ачих, буулгах, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг, Хятадын хөрөнгө оруулалттай уг компани сүүлд “Болд төмөр Ерөө гол” болон өргөжсөн байдаг.
БАРИМТ 3
УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. “Болд төмөр Ерөө гол” компаниараа дамжуулан улс төр, бизнес салбар дамнасан түүний нөлөөлөл их. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамгийн багадаа 110 гаруй сая төмрийн хүдрийн нөөцтэй ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг тус компани Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед хувьдаа төмөр зам барих эрхийг хялбархан авсан нь үүний илрэл. Үүнтэй холбоотойгоор тус компанийн Монголын талын нууц эзнээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг тухай хардлага хэсэг улс төрийн хүрээнд явж байлаа.
БАРИМТ 4
Өдгөө “Болд төмөр Ерөө гол”-ын зам нь 98 км, өртөөний зам нь 20 гаруй км төмөр замыг эзэмшдэг. Үүгээрээ Монгол Улсад хувьдаа төмөр замтай анхны компани болсон нь 2010 оны үйл явдал. Ингэхдээ Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэл дагуулдаг.
БАРИМТ 5
Хувьдаа төмөр замтай компани өөрийн гэсэн вагонтой байх ёстой. Бусдын буюу УБТЗ-ын гар хараад суухгүй гэсэн үг. Энэ хүрээнд “Болд төмөр Ерөө гол” компани ОХУ-аас 1000, урд хөршөөс өргөн царигийн 2000 вагоныг нэмж авчээ. Ингэснээр тус компани УБТЗ нийгэмлэгээс ямар ч хамааралгүйгээр “Вант улс” өргөжүүлж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 6
Энэ талаар Б.Дэлгэрсайхан “УБТЗ-д очих вагоны хомсдлын асуудлыг шийдээд, тэдний өөрийн вагоноо бусдын тээвэрт өгөх эерэг нөхцөл үүсэж, бизнесийн зарчмаар хамтарч ажилласаар байгаа. Гэтэл төмөр замын тээврийн ажлыг нь яаж гацаах уу, ингэснээр тэд хувийн атгаг санаагаа төмөр замын ачаа илгээгчдийг хааж боох асжлыг албан тушаалаа ашиглаж шийдэх вэ гэдэгт анхаардаг бүхэл бүтэн бүлэг төрөл садны хүмүүс төмөр зам доторхи дунд шатны ажилтнуудын хэмжээнд ажиллаж байснаа одоо бүр улаан цагаандаа гарч эхлэж байгааг зогсоох ёстой” гэж байв.
БАРИМТ 7
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төмөр зам бариад зогсохгүй Засгийн газраас 100 сая ам.долларын авлагатай тухайгаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр цухас дурдаад өнгөрсөн байдаг юм. Учрыг сийрүүлбэл 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын мэдээллийг сонсч байв.
БАРИМТ 8
Тэгэхэд Б.Дэлгэрсайхан гишүүн “Сайншанд-Тавантолгойн төмөр замыг анх 2011 онд “Дорнын төмөр зам” компани өөдөөс хараад сууж байгаа гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь концессын гэрээ хийгээд ТЭЗҮ, зураг төслийг нь хийсэн. Одоо тэр геодезийн хайгуулыг нь хийгээд 40 километр далан шороогоо тавьсан. Өнөөдөр энэ компани нэг төгрөг ч Засгийн газраас аваагүй байгаа. Энэ мөнгийг одоо хэн төлөх вэ? 100-гаад сая доллар байгаа юм.
БАРИМТ 9
Тэр үеийн салбарын сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргаар нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж байсан гэсэн үг. Гэвч энэ асуудал тэгсхийгээд замхарсан байдаг. Б.Дэлгэрсайхан гишүүний Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэнээр тэрээр “Дорнын говь” компанийг 100, “Болдтөмөр ерөө гол”-ын 30 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг. Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн үнэн л юм бол хэзээ нэгэн цагт тэр гаргасан хөрөнгөө нэхэж таарах нь.
БАРИМТ 10
Өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байх хэцүү гэдгээ ч тэрбээр тодорхой дурдсаныг Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээс нь харж болохоор. Гагцхүү Төрийн нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж дэвшсэн Ж.Бат-Эрдэнээс үү эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх хоёроос уу бүр цаашлаад Засгийн газраас уу гэдэг нь цаг хугацааны асуудал.
БАРИМТ 11
Б.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий хоёр компани тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон талбайд олборлолт явуулж байгаа тухай геологич Б.Баярсайхан хэлэхдээ мэдэгдэж байв. Тэрбээр "Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2009 онд гаргасан шийдвэрээр “Эй Ар Ай Ти” ХХК-ний эзэмшиж байсан 1948.57 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.
БАРИМТ 12
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2009 оны аравдугаар сард "Миллениум диггерс" ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон байна. Үүний дараагаар бүтэн гурван жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн 1948.57 га талбайгаас ердөө 438 га талбайг хүчингүй болгосон байна. Үлдсэн талбайд нь гурван ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ.
БАРИМТ 13
Өнөөдөр тус газар нутагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий "Инфинитиспэйс" ХХК болон “Болд Ерөө гол" ХХК-иуд хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн 1948.57 гектар талбайгаас хууль бусаар хэсэгчлэн шилжүүлээд авчихсан 1,510 га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар бичиж олгосон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хууль бус, хуурамч зөвшөөрлтэй холбогдох асуудлаар талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна" гэж байв. Гэвч Б.Дэлгэрсайхан гишүүн уг асуудалд ямар нэгэн байдлаар тайлбар өгөөгүй юм.
БАРИМТ 14
Б.Дэлгэрсайран гишүүний хувьд төмөр замын “Вант улс” байгуулсан гэдгээ ил тод зарладаггүй ч, оффшор бүсэд данс эзэмшдэгээ хүлээн зөвшөөрсөн нэгэн. УИХ-аас Оффшорын эсрэг хуулийг батлахад тэрбээр оффшортой гэдгээ зарлаж байв.
БАРИМТ 15
Тодруулбал, “Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо ил тод мэдүүлчихсэн. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээллээд орсон. Энэ хууль батлагдануут “...Тэдний дотор оффшор дансаа хаах ёстой юм байна. Хаалаа” гээд мэдээллэчихнэ. Ингээд л бол оо. Өөр юм байхгүй. Энэ хууль гэхдээ яаж батлагдахыг мэдэхгүй байна. Ямартай ч төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа оффшор дахь дансаа зарцаах хэрэгтэй гэвэл зарцаана. Хаа гэвэл хаачихна. Тодорхой хугацаа өгөөд, энэ асуудлыг ил тод мэдээллэх хувилбар хуулийн төсөлд бий. Хэт их мөнгө оруулах зэргээр дансны хөдөлгөөн хийгдэхгүй нь тодорхой.
БАРИМТ 16
1994 оноос хойш 2016 оны сонгуульд нэр дэвших хүртлээ бизнес хийсэн. Нийт 22 жил бизнес хийх хугацаандаа Монголд 100 км төмөр зам тавьж, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бүхнийг гаднаас зээл авч байж л хийсэн. Угаасаа өөрөөр хийх боломж байхгүй. Яагаад гаднынхан заавал биднийг өөрийнхөө банкинд данс нээлгэхийг шаарддаг нь ч их энгийн ойлголт. Тэд их хэмжээний зээл өгч байгаа учраас “Та Монголынхоо банкинд энэ мөнгийг байршуулахыг бид зөвшөөрөхгүй” гэдэг.
БАРИМТ 17
Учир нь Монголын банк дампуурчих юм бол тэд мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ. Тиймээс зээлдэгч арга буюу тэнд дансаа нээгээд, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж худалдан авах зардлаа тэндээс татдаг ийм л харилцаа. Түүнээс биш манай улсад аваачаад нуучих мөнгөтэй хүн бараг байхгүй дээ. Гэтэл оффшор ярихаараа баахан мөнгө аваачаад нуучихсан юм шиг зүйлийг ард түмэнд яриад явдаг. Оффшор дансанд төдөн тэрбум доллар гэж мэдээллээд л байдаг. Тэр олон тэрбум ам.доллар чинь том гүрнүүдийн их мөнгөтэй хүмүүсийн л жагсаалт. Манайханд хөөрхий минь дээ, одоо хэдэн төгрөг ч байгаа юм мэдэхгүй” гэсэн байдаг.
БАРИМТ 18
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн “Босоо хөх Монгол” бүлгэмийн салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэнд гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байв. Гэвч Б.Дэлгэрсайхан гишүүн уг мэдээллийг үгйүсгэж “Би хүнд буу тулгаж, нохойгоор уруулах үйлдэл хийх ёс суртахуунтай хүн биш. Намайг тийм үйлдэл хийх хүн биш гэдгийг Дорноговийн ард түмэн мэднэ. Гүтгэсэн гэх үндэслэлээр тэр нөхдүүдийг цагдаад өгчихсөн байгаа. Эхнээсээ гүтгэсэн нь тогтоогдоод хоёр сая төгрөгөөр торгосон байна лээ. Би О.Хэрлэнг танихгүй. Монгол Улс хууль дүрэмтэй. Тиймээс хүн гүтгээд, амнынхаа зоргоор яриад байж болохгүй” хэмээн тодруулга өгсөн байдаг.
БАРИМТ 19
Хятадын Шэньжэнь хотын хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Жунрүнь Ресурс Инвестмэнт” компанийн зүгээс нийт 5 тэрбум ам.долларыг төвлөрүүлж “Болд Төмөр Ерөө гол”-ын эзэмшлийн уурхайд хөрөнгө оруулалт хийж, өр төлбөрийг барагдуулах болон төслийн ажилд зарцуулсан байдаг. Үүнээс ойролцоогоор хоёр тэрбум ам.долларыг төслийн дараагийн ажилд зарцуулж, 30 сая тоннын хүчин чадал бүхий томоохон уурхай болон тоноглол бүхий баяжмалын үйлдвэр зэргийг байгуулжээ.
БАРИМТ 20
Б.Дэлгэрсайхан гишүүн хамаарал бүхий компанийнхаа хөрөнгө оруулагч Хятадын талтай сайн харилцаатай байдаг шигээ УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай ч ажил хэргийг шаггүй “хамтрагч”. Нөгөөтэйгүүр, Монголын төмөр замд өөрийн гэсэн “Вант улс”-ыг хэдийнэ бий болгосон тэрбээр Зүүнбаян өртөөнөөс Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл үргэлжлэх 281 км төмөр замын төслийн ард байдаг тухай яриа бий. Тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед парламентын босго давсан ч УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч чадаагүй байдаг.
БАРИМТ 21
Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого таван тэрбум, 49 сая төгрөг. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570 унадаг аж.
БАРИМТ 22
2021 онд тэрбээр хятад иргэнийг зодсон асуудалд нэр холбогдож, багагүй дуулиан дэгдээж байв. Гэвч, тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэж, “таяг тулсан хөлгүй хүн хүн зодож чадах уу” гэсэн тайлбар хийсэн. Ямартай ч хятад иргэн хүн гүтгэсэн үү, эсвэл гишүүн мөнгө өгсөн үү, энэ хэрэг тэгсхийгээд л намжсан.
БАРИМТ 23
Тэрбээр 2017 онд эдийн засгийн хямралыг давахад хувиасаа 100 сая төгрөг гаргаж байсан. Түүнийг намынхан нь парламентын “ATM” гэх нь бий. Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн байдаг. Энэ мэтээр тойргоо багагүй торддог гишүүдийн нэг юм.
БАРИМТ 24
Тэрбээр энэ парламентад Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж буй.
Сэтгэгдэл (4)