АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдаж байна. Тэмцээн өнгөрсөн ням гарагт эхэлсэн бөгөөд 23-ныг хүртэл үргэлжилнэ. Уг тэмцээний эхний өдөр хүч сорьсон манай жүдочдоос хүч сарын өмнө Азийн аварга болсон Б.Баасанхүү алтан медаль хүртэж, Монголын зургаа дахь дэлхийн аварга болж байна. Түүний тухай сонирхолтой баримтуудыг онцолж байна.
ОУХМ Б.Баасанхүү гэж хэн бэ?
Тэр бол -48 кг-ын жингийн бас нэг ирээдүй билээ. Тэрбээр 2000 онд төрсөн, 24 настай. Хөвсгөл нутгийн охин Б.Баасанхүү жүдо бөхийн Улсын АШТ-д анх удаа түрүүлсэн нь 2022 он. Тус ондоо Тeль Авиваас хүрэл, Парис болон Анаталийн Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн. Мөн 2023 оны дөрөвдүгээр сард болсон Жүдо бөхийн холбооний ээлжит Их дуулга тэмцээн Туркын Анталяа хотод болоход Г.Наранцэцэгийг зооны аваргын төлөө ялж, хоёул хүрэл медалийн тавцанд зогссон билээ.
Түүнчлэн ойрхондоо тэр хоёр алтан медалийг энгэртээ ихэрлүүлээд буй. Эхнийх нь ААШТ, нөгөөх нь "Душанбегийн Их дуулга 2024" тэмцээн юм. Бэлтгэл жигдэрч, ир ханасан түүнээс Монголын ард түмэн олимп дэлхийн медаль хүлээж байна.
Тэрбээр "Сүлд" спорт хорооны нэр дээрээс барилддаг. Түүнийг олон улсын спортын шинжээчид Дэлхийн аварга болох өндөр магадлалтай бөхөөр нэрлэсэн удаатай. Тэрбээр Дэлхийн чансааны тавдугаар байрт, 4762 оноотойгоор бичигдэж байна. Одоо болох ДАШТ-нд тэрбээр чансаагаараа гуравт байгаа.
2022 онд тэр Анталяагийн Их дуулгад финалдаж олны хараанд өртөж байв. Түүний дараагаар Унгарын Их дуулгаас урамтайхан хүрэл медаль зүүсэн. Ардхан нь Бакугийн Их дуулгаас медальгүй мултарсан юм.
Он оны зааг дээр тамирчин хүний амжилт ээдрээ ихтэй. 2023 он түүний хувьд уналт байсан гэмээр. Уг ондоо гацнхан хүрэлтэй өндөрлөсөн. Харин энэ он түүний гялалзах шалтгаан мэт. Хоёр, гуравдугаар сард Ташкент, Парисын Их дуулгын тавдугаар байрт шалгараад байсан тэрбээр завсаргүй ГУРВАН алтан медаль хэлхлээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон ААШТ-ий аварга болсон Баасанхүү охин энэ сарын эхэнд Душанбегийн Их дуулгаас мөн л алт хүртээд байв. Улмаар тэр Монголын зургаа дахь ДЭЛХИЙН АВАРГА болж түүх бүтээлээ. Одоо түүнд олимпын чухал даваа хүлээж байна. Тэрнээс минь хар, цагаан хэл ам хол байг ээ.
Л.Сайнаа