Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад бид +100 кг-д хүч үзэх О.Цэцэнцэнгэл, -90 кг-д хүч үзэх Г.Алтанбагана нарыг танилцуулж байна.
О.Цэцэнцэнгэл гэж хэн бэ?
Хүнд жинд хурц, дайчин барилдаан гаргаж болдгийг жишээг тэрбээр үлгэрлэн харууллаа. 25 настай О.Цэцэнцэнгэл бөхийн дэвжээнд хөл тавиад арван өвөлтэй золгож байна. Тэр 1999 оны дүн өвөл Эх нялхаст Б.Одхүүгийн ууган хүү болон мэндэлжээ. Дөлгөөн харцтай, хийгүй барилдаантай энэ залуу 2017 оны Хэнтий аймгийн баяр наадамд анхлан барилдахдаа аз од нь гийж, аймгийн арслан болсноор үндэсний бөхийн хүрээнийхэнд танигдсан. Харин түүнд жүдо бөхийн эрдэм заасан багш нь “Жүдо академи”-ийн Д.Батсайхан.
О.Цэцэнцэнгэлийн энэ төрлөөр залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Хонгконгийн нээлттэй тэмцээний хүрэл, Залуучуудын Ази, Номхон далай орнуудын АШТ-ий алт, Европын Оберварт тэмцээний хүрэл, Варшавын нээлттэй тэмцээний хүрэл, УАШТ-ий хоёр алтан медальтай.
Муугүй амжилт байгаа биз. Эцэстээ Чимэдёндонгийн Болдбаатар гэж хэрсүү дасгалжуулагчид шавь орсон гэх. Багш, шавь хоёр олимп, дэлхийн дэвжээнд нэг нь барилдаж, нөгөө дасгалжуулаад явах цаг ойрхон. Парисын олимпын ирээдүй гэрэлтэй байна. О.Цэцэнцэнгэл Азербайжанд болсон их дуулгаас хүрэл медаль авсан нь саяхан. Их дуулга тэмцээний хүнд жинд монголоос дараалан медаль авна гэдэг амаргүй. Иймээс түүний онцолж буй билээ. Түүний аав Б.Одхүүг бөхийн хүрээнийхэн андахгүй. 2000 оны Баяр наадмаар улсын арслан М.Мөнгөнөөр тав давж, начин цол хүртсэн бөх бий. Өдгөө үндэсний бөхийн ерөнхий цэцээр ажиллаж байгаа. Харин ээж нь манай жүдо бөхийн анхдагч эмэгтэй бөхчүүдийн нэг. Дэлхийн хэмжээний шүүгчийн зэрэглэлтэй хүн бий.
О.Цэцэнцэнгэлийн үндэсний бөхөөр Улсын баяр наадамд үзүүлсэн амжилт нь муугүй. Тэр 2019 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатараар гурав давж, дөрвийн даваанд түрүү бөх даян аварга Н.Батсуурьт тахим буулгаж байв. Дараа жил нь гарьд М.Баяржавхлангаар гурав давж, мөн л түрүү бөх П.Бүрэнтөгс аваргатай оноолт таарч унасан. Хоёр жил дараалан түрүү бөхтэй таарсан нь харамсалтайч удалгүй 2022 оны тэгш ойт баяр наадмаар Улсын анчин болж, аавынхаа шийрийг хатаах сайн бөх болох боломжтой гэдгээ харуулсан юм. Гэхдээ түүнд өндөр амжилт гаргах нас, ирээдүй байна. Жүдо бөхөөрөө олимп, дэлхийн медальтан болохыг хүсэн ерөөе.
Түүний амжилтыг товчхон дурдвал, 2023 онд Тель-Авивын "Их дуулга"-аас алт, 2022 онд Парисын "Их дуулга", 2021 онд Абу Дабигийн "Их дуулга"-аас алт, 2023 онд Португалийн Гранпри, Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн. 2019 онд өсвөр насандаа Азийн аварга болсон. Түүний аав 2000, 2004 оны олимпийн наадамд оролцож байсан. Багаасаа тодорсон удамт бөх тэрбээр энэ жилийн УАШТ-д Аймгийн арслан Э.Мөнхжаргалд ялагдаж, мөнгө авсан. Домогт Францын Тэди аваргыг өнгөрсөн ДАШТ-ээр ялангаа алдсаныг нь бодоход самбаа шархирмаар...
Г.Алтанбагана гэж хэн бэ?
-90 кг-ын жинд Монголын нэрийг хямгадаж яваа Г.Алтанбагана хүүг мэдэхгүй хүн ховор. Тэрбээр 1995 оны долдугаар сарын 21-нд төрсөн.
Анх 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2018 онд Дюссельдорф хотноо болсон "Их дуулга"-аас хүрэл, Екатеринбургт болсон "Их дуулга"-аас хүрэл, 2019 онд Тбилисид болсон Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
2020 онд Будапештийн “Их дуулга”-аас мөнгө, 2021 онд Тбилисид болсон “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж байв. 2022 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн тухайн жилээ Тель-Авив дахь Их дуулгаас хүрэл медаль зүүсэн юм. Өнгөрсөн онд Тель-Авивын "Их дуулга" хүрэл медаль хүртээл хэсэг амжилт тааруу байсан Г.Алтанбагана энэ онд Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, биднийгээ баярлуулаад байна.
Тэр бас үндэсний бөхөөр сайн барилддаг. Тийм дээ ч өнгөрсөн оны Төв аймгийн баяр наадамд тав давж, Аймгийн начин цолтон болжээ. "Алдар" спорт хороо, Талын хишиг майнинг ХХК-ий бөх. Жүдогоор өмнө нь -100-д барилддаг байв.
Одоогоор тэр дэлхийн чансааны 1941 оноотой, 34 дүгээрт эрэмбэлэгдэж байна. ДАШТ-ээс медаль зүүж, цаашлаад олимпод чансаагаа харуулах сайн бөх гэвэл түүнийг л хэлнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)