Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдааны шигшээ дөрөвт Ховд, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр аймгийн багууд шалгаараад буй. Хагас шигшээ барилдаанууд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 19:45 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Ирэх даваа гарагт буюу 20-ны өдөр өнгөрсөн жилийн цомын эзэн Архангай аймгийн эсрэг гуравдугаар байрын шагналь Өвөрхангай аймгийн баг хүч үзнэ. Удаах өдөр Ховд аймгийн багийн эсрэг Аймгийн арслангуудаар хүчээ бүрдүүлсэн Говьсүмбэрийн баг хүч үзнэ. Ялсан багууд удахгүй болох аваргын төлөө барилдаанд шалгарна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)