Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад бид эмэгтэйчүүдийн хүнд жингийн гурвыг онцолж байна. Тэд бол -70 кг-д өрсөлдөх Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д өрсөлдөх О.Хүслэн, +78 кг-д өрсөлдөх А.Адъяасүрэн юм.
Б.Ням-Эрдэнэ гэж хэн бэ?
Үзэгдэж, харагдаагүй жаалхан, 18 настай охин саяхнаас олны хараанд орох болсон нь Б.Ням-Эрдэнэ юм. Тэр 2005 оны 10 дугаар сарын 05-нд мэндэлжээ. Тэрбээр одоогоос яг сарын өмнө болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь ХҮРЭЛ. Б.Ням-Эрдэнэ эхний тойрогтоо Макаогийн тамирчинг ялж, шөвгийн наймд Тайваний тамирчинг буулган авснаар хагас шигшээд Японы тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг 19 секунд цэвэр ялсан юм.
Б.Ням-Эрдэнэ нь 2022 оны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Б.Ням-Эрдэнэ "Би 2022 оны өсвөрийн ДАШТ-д медаль хүртсэнийхээ дараа жүдо бөхийн шигшээ багт багтаж, бэлтгэлээ хоёр жил хийсэн. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдэд барилдахын ялгаа маш өөр. Үеийнхээ хүүхдүүдтэй барилдах, өөр эгч тамирчидтай барилдах их ялгаатай байдаг. Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль хүртсэндээ маш их баяртай байна" хэмээн ААШТ-ий дараа ярьсан удаатай.
Тэрбээр Хан-Уул Женко клубийн тамирчин ба жүдогоор хичээллээд 10 жил болж байна. Энэ оны УАШТ-д тасархай түрүүлж, улмаар удалгүй ААШТ-ээс медаль хүртсэн адтай охин. 2023 оны Азийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан түүний нас залуу, цус шингэн учир олимп, дэлхийн медаль олонг түүх нь гарцаагүй юм. Тэр одоогоор дэлхийн чансааны 1194 оноотойгоор 43 дугаарт бичигдэж буй.
О.Хүслэн гэж хэн бэ?
Сарын өмнө болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн өөр нэг жүдоч бол О.Хүслэн билээ. Тэрбээр 2004 оны 10 дугаар сарын 26-нд мэндэлжээ.
Тэр ААШТ-ий -78 кг-ийн жинд Энэтхэгийн бөхийг ялж, Тайваний бөхөд ялагдсанаар дагах барилдаанд Тайландыг буулган авсан. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны бөхийг ялж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийн тавцанд зогссон юм.
Тэрбээр Япон улсад их сургуульд сурдаг. ААШТ-ий өмнөх бэлтгэлээ Японд хангажээ. О.Хүслэн нь ШШГЕГ-ын харъяа Сүлд спорт хороо, Монголын жүдо академийн тамирчин юм. Эд гялалзаж яваа 19-хөн настай О.Хүслэн охин 2022 оны Азийн наадам, 2023 оны залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрт шалгарсан амжилттай. Тэр мөн Монголын жүдоч Хүслэн Отгонбаяр 2022 онд Улаанбаатарт болох "Их дуулга"-аас хүрэл медаль хүртэж байв. Тэр Б.Ням-эрдэнийн адилаар олимп, дэлхийн медальтан болох өндөр ирээдүйтэй нэгэн. Одоогоор дэлхийн чансааны 2011 оноотойгоор 29 дүгээрт бичигдэж байна.
А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Хүнд жинд босоо яваа ганц гэмээр санагддаг. Тэр 2000 оны гуравдугаар сарын 26-нд мэндэлсэн. 24 настай.
Амарсайханы Адъяасүрэнгийн нь 2021 онд Бакуд болсон "Их дуулга"-аас мөнгө, 2022 онд Португалийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 2022 онд Улаанбаатарт болсон "Их дуулга" болон Загребт болсон Гранпри тэмцээнээс тус бүр мөнгөн медаль хүртэж байв.
2023 онд Душанбед болсон Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол энэ онд Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилттай яваа. Дэлхийн чансааны 2965 оноотойгоор 18 дугаарт бичигдэж яваа түүнд олимп, дэлхийн медаль л дутуу байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)