Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх энэ оны эхний дөрвөн сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.
2024 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.3% буюу 7.9 их наяд төгрөгөөр өссөн байна.
Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 37.6% буюу 5.1 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламжийн
- 84.7% нь иргэдийн хадгаламж,
- 15.3% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Мөн валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.3%, өмнөх оны мөн үеэс 18.5%-аар буурчээ.
Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны дөрөвдүгээр сарын эцэст 29.9 их наяд төгрөг болов. Энэ нь өмнөх сараасаа 776.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэсээ 6.2 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.4% нь иргэд, 39.2% нь хувийн байгууллага, 0.6% нь төрийн байгууллага, 0.8% нь санхүүгийн байгууллага болон бусад байна.
Сэтгэгдэл (2)