20х20 хэмжээтэй, куб хавтан дээр өнгө будаг хоршуулан, урласан зургууд цагаан ханыг хээнцэр харагдуулах аж. Танхимд сонгодог хөгжим эгшиглэх агаад “Elite” гэх логотой ижил өнгийн подвальк өмссөн хүүхдүүд энд тэнгүй холхино.
Тэд эгшиглэх аязыг мэдэрч, дэлгэсэн зургийг шимтэх үзэгчдийн тав тухыг эвдэхгүйг хичээж буй нь илт. Гэсэн ч тусламж хэрэгтэй хэн нэгэнд “гараа сунгаж”, зэхсэн ажлаа төгс гүйцэтгэхийг мэрийж байгаа нь анзаарагдана. Энэ бол сурагчдын бүтээлээс бүтсэн “MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх агшин.
Хэдий албан ёсны нээлт эхлээгүй гадаад, дотоодын үзэгчид "Lkham gallery"-д дэлгэгдсэн уран бүтээлүүдийг шимтэж, таатай орчинд саатаж байгаа харагдав.
"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид эл арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Улмаар хүүхдүүдийн зүрх сэтгэл, ур чадвараараа урласан цөөнгүй бүтээл дэлгэгддэг бөгөөд үзэсгэлэнгийн орлогыг сайн үйлсийн аянд зориулдаг онцлогтой. Энэ жилийн хувьд, үзэсгэлэнд 1-9 дүгээр ангийн сурагчдын урласан 800 гаруй бүтээл дэлгэгджээ. Эдгээр бүтээлээс олсон бүх орлогыг орон нутгийн сурагчдын англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх ажилд зарцуулах аж. Энэ талаар “MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулагч, “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагчид бидэнд мэдээлэл өгсөн юм.
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12А ангийн сурагч К.Бауыржан
Сургуулийнхаа 1-9 дүгээр ангийн сурагчдын зургийн хичээл дээр зурсан зургаар жил болгон үзэсгэлэн гаргадаг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургийг хүссэн хүн нь ирээд, худалдаж авах боломжтой. Олсон орлогоо орон нутгийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэгт зарцуулна. Манай сургууль “Spark” гэх төсөл хэрэгжүүлдэг. Тус төслийн хүрээнд манай сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид 7-14 хоногийн хугацаанд орон нутаг руу яваад, сонгогдсон хүүхдүүдэд англи хэл заадаг. Мөн гаднын их сургуулийн талаар мэдээлэл солилцдог. Энэ жил Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ гэх гурван аймаг руу явна. Үүний хөрөнгө оруулалтыг үзэсгэлэнгээсээ бүрдүүлэхийг зорьж байгаа. Энэ үзэсгэлэнд хэдий 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэдэг ч ахлах ангийнхандаа боломж олгодог. Зурах сонирхолтой ахлах ангийнхан бүтээлээ хандивлах боломжтой.
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Э.Анжелина
Үзэсгэлэн зохион байгуулж, бүтээлээ дэлгэсэндээ сэтгэгдэл өндөр байна. Хүмүүст бүтээлээ түгээж байгаадаа баяртай байна. Энд маш олон зураг байгаа. Хүүхэд бүхэн өөрийн дотоод ертөнц, сэтгэл зүйгээ үгээр бус зургаар дамжуулан харуулсан учир хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх байх. Би хатуу баримлын шавраар даавууг илэрхийлж хийсэн бүтээлийн энэ үзэсгэлэнд дэлгэсэн. Энэ бүтээлээ өөртөө хадгалахаас илүү “MERAKI” уран зургийн хандивт өргөсөн нь гоё байх гэж бодсон. Энэ үйл ажиллагаа бидэнд үеийнхэндээ өөрсдийн мэдэх мэдлэгийн түгээх боломж олгож байгаа. Түүнчлэн нийгмийн идэвхээ сайжруулах нь гаднын их, дээд сургуульд ороход давуу тал болно.
“MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэд өөрийн ертөнцөө таньж мэдэх, хүнлэг байдалд суралцах, сэтгэлгээгээ хөгжүүлэх, бие даан суралцах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох аж. Түүнчлэн хүүхдүүд гардаж зохион байгуулдаг бөгөөд энэ нь сурагчдын урлагийн мэдрэмж, мэдлэгийн нэмэгдүүлээд зогсохгүй багаар ажиллах, төсөл боловсруулах, аливааг зохион байгуулах гэхчлэн олон ур чадварт суралцуулдаг аж.
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн Зургийн багш Ж.Ариунтуяа
“MERAKI” уран зургийн үзэсгэлэнг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа. Тайлан үзэсгэлэнгийнхээ бүтээлийг худалдаж, борлуулаад орлогоо сайн үйлсэд зарцуулдаг. Энэ үзэсгэлэн нь хүүхдүүдэд олон чадвар олгодог. Нэгдүгээрт, хүүхдүүд gallery үзэх соёлд суралцана. Бүтээлийг мэдэрч, таалагдсан бүтээлээ худалдаж авч, бусдад хуваалцаж болно гэдгийг ойлгодог болдог. Мөн бүтээлтэй хэрхэн харилцаж, яаж бий болгодог вэ гэдгийг өөрсдөө харж, бэлтгэж байгаагаараа онцлог. Ирээдүйн үзэгчдийг бэлтгэж байгаа учир энэ ажлаа маш жаргалтай хийж байна. Урлаг хүнийг ёс зүйтэй, энэрэнгүй, юмсыг илүү сайн ойлгодог, бусдыг сонсдог болгодог. Хүүхдүүд өөрсдөө зохион байгуулж байгаа учир төсөл дээр хэрхэн ажиллах учир чадвар ч сууна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж, хамтарч ажилласан "Lkham gallery"-гийн хамт олонд талархал илэрхийлж байна. Эдний хамт олон манай төслийг дэмжээд, үзэсгэлэнг маань үнэ төлбөргүй гаргаж байгаад маш их баярлаж байна.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчдын “MERAKI” уран зургийн үзэсгэлэнг анх 2019 онд зохион байгуулж байжээ. Улмаар “Маргад-Эрдэнэ Миний Эрдэнэ” хүмүүнлэгийн аянд нэгдэж, үзэсгэлэнгээс олсон орлогыг эмчилгээний зардалд нь хандивлаж байсан аж. Түүнчлэн Улаанчулууттай хаяа залган орших цэцэрлэгийн багачуудад тоглоомын өрөөг нь тохижуулж өгөх зэргээр хандивын аяныг өрнүүлж байжээ.