“Growl of Clown” хамтлагаас жил бүр зохион байгуулдаг “WAKE UP” амьд хөгжмийн наадам нь тавдугаар сарын 25-ны өдөр "Sky Resort"-д болно. Энэ удаагийн “WAKE UP” амьд хөгжмийн наадам нь Эерэг-Дулаан-Соёлтой уриатайгаар анх удаа задгай талбайд болох бөгөөд өнөөгийн нийгэмд амьдарч буй хүн бүхний оюун санаанд “Рок хувьсгал” хийх гэж байна.
Сонирхуулахад, “WAKE UP” амьд хөгжмийн наадмыг санаачлагч "Growl of Clown" метал хамтлагийн 10 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа юм. Тэр ч утгаараа фестивалийг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар шийдэн уран бүтээлчдийнхээ тоог нэмэн, өмнөх тоглолтуудаасаа онцлог болгон анх удаа задгай талбайд тоглохоор төлөвлөсөн гэнэ.
Тэд хамтлагаа үүсгэн байгуулсныхаа дараа 2015 онд анхныхаа “WAKE UP FESTIVAL”-ыг “Milange Lounge”-д зохион байгуулж байжээ. Тухайн үед “Purgatory Destroyers” буюу одоогийн “Break the Cycle” хамтлаг тоглон 100 гаруй хүн үзэж байсан. Үүнээс хойш “WAKE UP FESTIVAL”-ын үзэгчийн тоо 20 дахин нэмэгдэж, фестивалийг тогтмол үздэг үзэгч, шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Түүнчлэн, фестивалийн үеэр Growl of Clown хамтлаг “Хүнд төмөр машин” хэмээх гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ. Уг цомог нь 8 дуунаас бүрдсэн бөгөөд пянз хэлбэрээр сонсогчдын гар дээр очиход бэлэн болжээ. Пянзны урьдчилсан захиалгыг “Welcome Records UB” лейбл авч байна. Урьдчилсан захиалга хийсэн тохиолдолд фестивалийн тасалбарыг бэлэглэнэ.
Л.Сайнаа