БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Г.Ганболд. Тэрбээр 2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Завхан аймгийн Эдийн засгийн коллеж, бэлтгэл судлал, ШУТИС, радио холбооны инженер, Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
БАРИМТ 3
Шугамын монтёроос эхэлсэн түүний ажил, амьдрал УИХ-ын гишүүн хүртлээ дэвшсэн.
БАРИМТ 4
Дараа нь Скайтел ХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт менежер, Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “ӨВ АЗЗА” ТӨХК-нд гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
БАРИМТ 5
Тэрбээр МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгчээс улс төрийн карьераа эхлүүлжээ.
БАРИМТ 6
2012-2016 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож байв.
БАРИМТ 7
Үүний дараа Өвөрхангай аймгийн Засаг даргаар сонгогдсон цагаас хойш улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн.
БАРИМТ 8
Тэрбээр УИХ дахь чимээгүй гишүүдийн нэг. Өнгөрсөн жилүүдийн үг, үйдлийг нь дүгнэвэл жалганаасаа төдийлөн халиагүй улстөрч гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй юм.
БАРИМТ 9
Түүнийг МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн "утсан хүүхэлдэй" гэж улс төрийн хүрээнийхэн хардацгаадаг. Барагтай үг, үйлдэл гаргадаггүй учраас хэвлэлээр тэр бүр баалуулах, балбуулах нь бага.
БАРИМТ 10
Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тендерийн хороог хууль бусаар байгуулсан гэж нэлээд шүүмжлүүлснийг эс тооцвол гишүүн болсноосоо хойш барагтай бол олны "овоо, хараанд" өртөхгүй шиг явдаг болсон.
БАРИМТ 11
АТГ-д өгсөн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 34.5 сая, гэр бүлийн орлогоо тэг гэж мэдүүлсэн бий.
БАРИМТ 12
Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 48.5 сая төгрөг, гэр бүлийн орлого 42 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсноосоо хойш түүний орлого огцом нэмэгдсэн гэхэд болно.
БАРИМТ 13
Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 263 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, 212 сая төгрөгийн үнэ бүхий хоёр авто машинтай.
БАРИМТ 14
Мөн 23 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, 212 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
БАРИМТ 15
Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Тендерийн хороог хууль бусаар байгуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт орооцолдсон талаар шуугиж байв.
БАРИМТ 16
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үе буюу 2019 онд Авлигатай тэмцэх газарт шалгуулах тухай гомдол ирсэн гэдэг. Тус аймгийн удирдлагууд “Баянтээг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хууль зөрчин, хувьцаа эзэмшигчдээ байлгахгүйгээр ИТХ-ын даргын зөвшөөрсөн тогтоолын дагуу ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продкаст” ХХК-д нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүссэн байдаг. Энэ хэрэг яван явсаар таг чиг болсон юм.
БАРИМТ 17
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас 44.25 хувийн саналаар сонгогдсон байдаг.
БАРИМТ 18
Парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Агаар блхирдлыг бууруулах дэд хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 19
Дөрвөн жилийн туршид Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулжээ.
БАРИМТ 20
Тэрбээр өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд 71,4 хувийн ирцтэй оролцсон байна.
БАРИМТ 21
Засгийн газар улсын төсвийг батлуулахдаа өнгөрсөн жил УИХ-ын гишүүдийг дөрвөн тэрбумаар “авлигадаж” байсан бол 2023 онд гурван тэрбумыг өгч байгааг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Н.Алтанхуяг нар “гэрэл цохиулж байсан удаатай.
БАРИМТ 22
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Гишүүдийг "Тойрог дээрээ 3 тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү" гээд л бид дуугүй явцгаасан шүү дээ" гэсэн байдаг.
БАРИМТ 23
Чуулганы үеэр ч, байнгын хорооны үеэр ч барагтай бол ам нээгээд байдаггүй гишүүн төрөлх нутагтаа санааширч, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарт хаягласан хатуухан үг дайсан ч удаа бий.
БАРИМТ 24
Тухайлбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэгт засварын ажил хийгдсэн аж. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, чанаргүй зам тавьж эвдрэл үүссэн, ажилчдын цалин хөлсийг олгодоггүй, техникийн түрээсээ төлөөгүй, орчуулагч нь харамсалтайгаар нас барсан зэрэг олон асуудал байгааг онцлоод ажлын хэсэг яаралтай байгуулж, газар нь ажиллахыг Л.Халтар сайдад хатуухан хэлж, анхааруулж байв.
Сэтгэгдэл (1)