Бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд оролцсон тамирчдаас авах шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэх талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст хүсэлт өгчээ. Өмнө нь БНСУ-ын лабораторид шинжлүүлдэг байсан юм.
Энэ талаар МОНАДА-ын холбогдох ажилтан "Долдугаар сарын 13-нд Бямба гараг таарч байгаа. Тиймээс тамирчдын сорьцыг Допингийн хяналтын ажилтан шууд нислэгээр Германы лабораторид долдугаар сарын 14-нд хүргүүлж, хариуг 48 цагийн дотор буюу долдугаар сарын 16-нд гаргуулах боломжтой. Шинжилгээний хариуг Германы лаборатори Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хороонд цахим шуудангаар илгээнэ. Гэхдээ шинжилгээгээр ямар нэгэн хориотой эм бэлдмэл илэрвэл сэжигтэй гэсэн хариу ирүүлдэг. Энэ тохиолдолд тамирчны нэрийг зарлах боломжгүй. Заавал 14-21 хоногт баталгаажуулах шинжилгээ өгсний дараа нийтэд нээлттэй мэдээлнэ" хэмээжээ.
Одоогоор МОНАДА-ын авч буй шинжилгээний 60-70 хувь нь Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид очдог. Тус лабораторитой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хамтран ажиллаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл (3)