Өнгөрөгч амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн шигшээ багийнхан олимпын эрхээ авснаас эхлээд спортын онцлох олон үйл явдлууд тохиолоо. Тэр бүгдээс тоймлон хүргэж байна.
МУГТ Т.Тулга олимпын эрхээ өвөртөллөө
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болж, эрэгтэйчүүдийн 65 кг-д хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Т. Тулга олимпын эрхээ авлаа. Тэрбээр Бахрейны Алибеговыг 10:0, удаах барилдаанд “Белград -2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий алтан медальт АНУ-ын Зэйн Ретерфордыг 7:2 , Тажикистаны Кудиевыг 9:0 ээр илт илүүрхсэн. Улмаар шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн Сүжээт Сүжээтийг 6:1-ээр ялж, Монголын багийн 16, чөлөөтийн 7 дахь эрхийг авав.
Б.Хулан чөлөөтийн зургаа дахь олимпын эрхийг авлаа
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн дэлхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болж өндөрлөв. Манай улсаас эмэгтэй 3, эрэгтэй 4 жинд олимпын эрхийн төлөө өрсөлдсөн юм. Эмэгтэй 53 кг-ын жинд “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, ОУХМ Б. Хулан өрсөлдөж “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа. Тэрбээр зоондоо Шри-Ланк, Бразилийн бөхчүүдийг, шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэлтэй Грекийн Преволарктай барилдаж, 6:1-ээр ялсан. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг хүлээн авагч эзэн орны Йетгүлийг цэвэр дарсан юм. Энэ нь Монголын багийн 15, чөлөөтийнхны 6 дахь олимпын эрх байв.
Э.Даваанасан Монголын шигшээгийн сүүлийн олимпын эрхийг авав
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн дэлхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн эмэгтэйчүүдийн 76 кг-д Э.Даваанасан Францын бөх Паулин Дениз Лекарпентиерыг 7:4 харьцаатай ялж олимпын эрхээ авав. Ингэснээр Монголын чөлөөтийн шигшээ багаас найман тамирчин олимпын наадамд хүч сорихоор болов.
Улсын хүчит зааны ээлжит түрүү
Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн заан М.Тэгшбаяр нар үлдэв.
О.Хангай аварга 35 дахиа түрүүлэв
"Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтанжолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Даваасүрэн нар үлдэв.
Улсын начин Б.Түмэндэмбэрэл хоёр дахь түрүүгээ хүртлээ
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем интэрнэшнл" ХХК, "Даян" дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат,"Булганхан" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)