Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Спортын Арбитрын шүүхээс 2023 оны Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж эцсийн байдлаар дүгнэсэн.
Тэр өдрөөс хойш уг асуудал олны дунд маргаан дэгдээгээд зогсохгүй Улсын аварга О.Хангай, арслан М.Бадарч нарын дунд зөрчилдөөн үүсгэсэн цаг тухайд бид мэдээлсэн. Гэтэл өнөөдөр М.Бадарч өөрт нь андуурч эм уулгасан гэх гэрч гаргаж ирсэн нь хачирхалтай үйл явдал болов.
Гэвч Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээхээр боллоо. Гацдаг гэх гарди цолноос Улсын арслан болсон түүний хувьд гацаад л үлдэх бололтой. Харин үзүүр булааж гарди цолонд хүрээд байгаа Ц.Бямба-Отгон арслан болох нь ойлгомжтой болов.
Улсын гарди М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Н.Ганбаатар, П.Сүхбат, Б.Гантогтох, Ж.Бат-Эрдэнэ, Г.Жаргалсайхан гээд л цолоо ахиулж чадалгүй гацаж үлдсэн хүчтэнгүүд олон. Эд нар дээр М.Бадарч нэмэгдэнэ.
Тэгвэл гарди цолны гацаа Өвөрхангайн хоёр бөхөд үйлчилсэнгүй. Эхнийх нь 2006 оны Улсын баяр наадмын түрүү бөх, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Улсын аварга Д.Сумъяабазар юм. Тэрбээр улсын баяр наадамдаа 15 удаа шөвгөрөхдөө дөрвөн удаа найм, нэг удаа 10 давсан. Түрүүлдэг жил нь арслан цол олгосон ч ард түмэн уухайлан түрсээр АВАРГА болгож байв. Угтаа ард түмнээр хэлүүлэлтгүй л аварга цолны давааг давсан хүчтэн гарцаагүй мөн.
Удаах нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон гарди болж байна. Хожуу бөхөд орсон ч богинохон хугацаанд амжилт үзүүлж яваа түүнийг ирээдүйд том бөх болно гэж хүн болгон л шахуу магтдаг. Допинг гэх таагүй зүйлээс болж цол ахиж буй ч түүнд үнэн хүчээр улсынхаа наадамд түрүүлэх бололцоо дүүрэн буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)