Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн “Шараваа-Кап” тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. 16 дахь удаагийн тэмцээнд 75 багийн 700 орчим тамирчин охид, хөвгүүдийн 13 хүртэлх, 16-17 болон 18 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж байна. Ирээдүйд олон улсад үнэлэгдэх сагсан бөмбөгийн өндөр ур чадвартай тамирчин болох хүүхэд, залуусыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээнийг Төв аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар анх зохион байгуулсан түүхтэй.
Тэмцээний нээлтийн ёслолд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Төв аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг нар оролцлоо.
Нээлтийн үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Эрхэм спорт сонирхогчид, оролцогчид, дэмжигчид ээ, Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэхийн ялдамд “Шараваа Кап” тэмцээн бол сагсан бөмбөгөөр хичээллэгч хүүхэд багачууд та бүхний хүсэн хүлээдэг тэмцээн, мэдлэг туршлагаа солилцдог өндөр ач холбогдолтой талбар болон цар хүрээ нь жилээс жилд өсч, бас хөгжиж байгааг харах таатай байна. Тэмцээнийг санаачилсан болон зохион байгуулж, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье. Энэ талбайгаас тив, дэлхийн аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тамирчин төрөн гарахыг ерөөж байна” хэмээн хэллээ.