“Alibaba” БНСУ-д цахим худалдааны бизнесээ тэлэхээр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
БНХАУ-д худалдан авагчдын идэвх сул байгаатай холбоотойгоор “Alibaba” групп цахим худалдааны бизнесээ олон улсад тэлж, худалдан авагчдын шинэ бааз суурь бүрдүүлэхийг зорьж байна.
Хамгийн сүүлд тус компанийн бөөний худалдааны нэгж 1688.com Монголын “Intelmind” компанитай хамтарч шинэ платформ нээж байгаагаа мэдээллээ. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр нээгдсэн “Shoppyhub.mn” платформоор дамжуулан хятад үйлдвэрлэгчдийн олон сая нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчид, бизнесүүдэд хүрнэ гэдгийг “Intelmind” компани онцолж байна.
Гол нь Монголын худалдан авагчид БНХАУ-ын олон бүс нутгаас захиалсан бараануудаа нэгтгэж, 7-10 хоногийн дотор хүлээн авах давуу талтай болж байгаа аж.
Түүнчлэн “Alibaba” ирэх гурван жилд БНСУ-д шинэ дэд бүтэц байгуулан, цахим худалдаагаа өргөтгөхөд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг “Yonhap” агентлаг мэдээллээ.
Мөн “Alibaba”-ийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдааны “Aliexpress” платформ БНСУ-ын эмэгтэй хувцасны тэргүүлэх аппликейшнийг эзэмшигч "Ably"-ийн таван хувийг 72.4 сая ам.доллароор авахаар хэлэлцээ хийж байгаа аж.
Эх сурвалж: BloombergTv Mongolia