БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Д.Батлут. Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. УИХ-д анх 2020 онд сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер, Удирдлагын академийг төрийн удирдлагаар төгссөн.
БАРИМТ 3
Ажлын гараагаа “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтанаар эхлэж байжээ. Дараа нь “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байжээ.
БАРИМТ 4
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 5
Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр эрдэнэтчүүдэд бол танил улстөрч. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт, төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 6
Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хууль зүйн салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг Ц.Нямдоржтой хамт нэр дэвшиж байсан. Гэхдээ тэр МАН-ын, Монголын “шилдэг” парламентчдыг хол тасархай орхиж, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм.
БАРИМТ 7
Д.Батлут Засаг даргаар ажиллаж байхдаа олны анхааралд өртөж, хэл дагуулах нь их байсан. Тухайлбал, Тамгын газрынхаа ажилтнуудад байр өгсөн, төрийн албанд ажилласан жилээр нь тооцож байр олгосон асуудал нь хэсэг маргаан дагуулж байв.
БАРИМТ 8
Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа "төрийн албанд ажилласан журмыг нь үндэслэснээс гадна залуу гэр бүлийг дэмжиж байр олгосон нь үнэн. Залуу хүмүүсийг би дэмжинэ" хэмээн эл шуугианыг дарж байв.
БАРИМТ 9
Яг үүн шигээ Эрдэнэтчүүдэд гавьяа байгуулсан нэг зүйл бол Шинжлэх ухаан технлогийн паркыг байгуулсан явдал.
БАРИМТ 10
"Эрдэнэт" үйлдвэрээс гадагшаа урсдаг мөнгөн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, 100 хувь үйлдвэрийн хэрэгцээг хангадаг болсон нь эдийн засгийн хувьд томоохон дэвшлийг авчирсан хэмээн орхончууд ам сайтай байдаг
БАРИМТ 11
Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээ хангахад ээлтэй Засаг дарга байсан гэж нутгийнхан нь үнэлдэг аж.
БАРИМТ 12
Улстөрчдийн хувьд тэрбээр орон нутагтаа мэргэшсэн нэгэн. Сүүлийн найман жилийн хугацаанд Орхон аймгийн МАН-ын даргаар ажиллажээ.
БАРИМТ 13
Харин УИХ-д бол тэр шинэ тоглогч. Гэсэн хэдий ч аж ахуйн ажилд гаршсан Засаг даргын зангаа гээлгүй өнөөдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэл рүү зам тавих том амбицаа 2021 онд эхлүүлж байв.
БАРИМТ 14
Д.Батлут Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа зодоон цохионы хэрэгт хутгалдаж байжээ. Тодруулбал, 2015 онд “надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд бэртэл учруулсан талаар хэвлэлүүд бичиж байв. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан.
БАРИМТ 15
Тэрбээр Засаг дарга болсныхоо дараа Ерөнхий сайдын албан тоотыг үл хайхран автомашины дуулианд нэр холбогдож байсан удаатай. “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том жийп машинуудыг авч унасан. Тодруулбал, Орхон аймгийн засаг дарга Л.Батлутын унаж буй 0001 ОРА LAND CRIUSER 200 автомашин байсан аж.
БАРИМТ 16
Уг асуудлаар АТГ-аас хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан. Харин үүний хариуд Д.Батлут цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгч байжээ. Тэрбээр “Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэр бүхий цөөн хэдэн хаягаас Д.Батлут гэдэг хүнийг харлуулахаар оролдож, гүтгэсээр ирсэн. Энэ нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн байдаг.
БАРИМТ 17
Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
БАРИМТ 18
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 48,9 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 36.2 сая хэмээжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 180 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1 нийтийн орон сууц, 1 авто зогсоолтой гэж бүртгүүлжээ.
БАРИМТ 19
Мөн 19 сая төгрөгийн Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Kluger авто машин, 10,1 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай (хонь-40, ямаа-42, үхэр-4, адуу-5) бөгөөд дотоодын дансандаа 2,2 сая төгрөгийн хадгаламжтай аж.
БАРИМТ 20
Тэрбээр парламентад Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 21
Энэ дөрвөн жилийн хугацаанд Нийгмийн даатгалын тухай, Зөрчлийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулиудыг бусад гишүүдийн хамт өргөн барьж, батлуулжээ.
БАРИМТ 22
Д.Батлут "Миний гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулан, үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан байна" хэмээн үзэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хандсан гэж үзэж, шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Тухайн хэргийн шүүх хурал хоёр жил орчим үргэжилсэн бөгөөд гурван шатны шүүхээс нэр бүхий өдөр тутмын сониныг Д.Батлутын нэр хүндэд халдаагүй гэх шийдвэр гаргаж байв.
БАРИМТ 23
Өнгөрсөн жил тэрбээр тойргын сонгогчиддоо 20 мянган төгрөг тараасан гэх асуудалд холбогдож, нийгэмд багагүй шуугиан тариад амжсан. Тухайн үед "УИХ-ын гишүүн Д.Батлут өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймгийн иргэдэд дугтуйдаа мөнгө тараасан. Тэрбээр сар шинийн мэнд дэвшүүлэх нэрийн дор иргэдэд хахууль өгч байгаа зураг нь баримтаар байгаа юм" гэх мэдээллүүд цахим тавигдаад байсан юм.
БАРИМТ 24
Д.Батлут гишүүний хувь тойрогтоо танигдсан улстөрч боловч улсдаа, парламентад танигдах ажил хийхгүй байсаар энэ дөрвөн жил дуусах бололтой.
Сэтгэгдэл (10)