Монголын анхны холын зайн морин тойруулгын “Хайпэй кап 24“ уралдаан энэ сарын 11, 12-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байна.
Тус уралдаан монгол, сонгомол төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их насны морь уралдах юм. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдуулах тов гарчээ.
Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундыг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авах аж. Мөн морьдын тохом дээр дугаар байршуулна. Хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг өндөр нарийвчлалтайгаар дэлгэцэнд харуулж, үзэгчид мэдээллийг нь шууд хүлээн авна. Тус уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхэд уралдах бөгөөд хамгаалалтын малгай, эмээлтэй байх ёстой гэж зохион байгуулагчийн зүгээс мэдээлжээ.
Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Харин их нас, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Фотон ачааны машинаар байлах аж. Морин уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулах юм.
Түүнчлэн дээрх морин тойруулгын төвд маргааш анхны уралдаан болох “УБ Кап-2024”-ыг шүдлэн байдас, үрээний ангилалд зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (1)