БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь. Тэрбээр 1971 онд төрсөн. УИХ-д анх 2020 онд сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1993 онд Санхүү, эдийн засгийн их сургууль, бакалавр, 2003 онд Удирдлагын академи, магистр, 2007 онд БНСУ-ын Удирдлагын академийг тус тус төгссөн.
БАРИМТ 3
Тэрбээр ажлын гараагаа “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилерээр эхэлж байв. Дараа нь “Молор импекс” ХХК-ийн захирал, “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
БАРИМТ 4
1997 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Орон нутаг хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан.
БАРИМТ 5
Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа ажлын өрөөндөө төрийн бус байгууллагын хэд хэдэн хүнийг зодож танхайрч байсан удаатай. Тухайн үед түүнд зодуулсан иргэд хуулийн байгууллагад хандаж байсан юм.
БАРИМТ 6
Мөн тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "аймгаасаа баян засгууд"-ын тоонд орж, АТГ-д шалгуулж явсан удаатай. Энэ талаар "Дэлхийн Монгол- Ногоон Нэгдэл" тэргүүн Х.Бээжин дараах мэдээллийг олон нийтэд өгсөн байдпаг. Тэрбээр "Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 30-40 жийп машин, 70 орчим хүн цуглаж, хууль бусаар алтны хайгуул хийхээр завдсаныг аймгаас шуурхай арга хэмжээ авч, үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
БАРИМТ 7
Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан уг ажилд гурван сая төгрөг төсөвлөсөн. Аймгийн удирдлага газар нутгаа энэ мэтчилэн хамгаалж байдаг атлаа гадны компаниуд үүнээс ч илүү хор уршигтай, хууль зөрчин зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байхад таслан зогсоохгүй байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна" гэсэн байдаг.
БАРИМТ 8
Түүнийг Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байхад тус аймаг Монгол Улсын шилдэг аймгаар гурван удаа шалгарч байсныг хэвлэлд онцолсон байдаг.
БАРИМТ 9
Хэдийгээр улс төрд 20 жил явсан ч УИХ-д бол шинэ гишүүн.
БАРИМТ 10
Энэ парламентад ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай, Төсвийн тухай хуулиудыг батлуулсан аж.
БАРИМТ 11
Тэрбээр 2023 оны намрын чуулганы хуралдаанд 85,7 хувийн ирцтэй оролцжээ. Мөн УИХ-аар хэлэлцэж буй хуулиудын санал хураалтад идэвхтэй оролцдог нэгэн.
БАРИМТ 12
Ж.Батсуурь гишүүний хамаарал бүхий “Сүхбаатар-89” ТББ-ыг Сүхбаатар аймгийн удирдлагуудын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болсон хэмээж байв.
БАРИМТ 13
Ж.Батсуурь гишүүний жилийн орлого 72 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая төгрөг.
БАРИМТ 14
Тэрбээр 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гражтай.
БАРИМТ 15
Мөн 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай бөгөөд 132 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших-250м2-1, өмчлөх-720м2-1 газартай.
БАРИМТ 16
Түүнчлэн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 17 сая төгрөгтэй бөгөөд Датуком ХХК-иас 49 хувь эзэмшдэг ажээ.
БАРИМТ 17
Ж.Батсуурь 2015 онд буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа “Хил дээрх Баянцогтын уурхайн нүүрсийг урагш нь гаргаж худалдсаны үр өгөөжийг Сүхбаатар аймгийн иргэд хүртэх ёстой” гэж ХЗДХЯ, ХХЕГ, Төрийн өмчийн хороонд удаа дараа хүсэлт гаргасан. Улмаар зөвшөөрүүлж чадсан бөгөөд “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ, 51 хувийг БНХАУ-ын “Жин Жоу Бай Хуй” ХХК эзэмшдэг болсон.
БАРИМТ 18
Гэтэл өдгөө “Андын элч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр Ж.Батсуурийн хувийн өмгөөлөгч, туслах, багын найз нар нь томилогджээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хил дээрх Баянцогтын уурхайд “гар, хөл”-үүдээрээ дамжуулан эзэн суучихсан гэсэн үг юм.
БАРИМТ 19
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ. Эрээнд очиж 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд 8 мянган төгрөгөөр авч болохгүй” хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан байдаг.
БАРИМТ 20
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар суулт хийж, өсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлагчдаас хамгийн их турсан нь Ж.Батсуурь байсан гэх. Эрхэм гишүүн талбай дээр өлсөөд долоо хоногт 3 кг турсан гэх мэдээлэл ч цацагдсан. Мөн түүнийг цатгалан өлсөгч хэмээн нэрлэж байсан удаа ч бий.
БАРИМТ 21
Тэрбээр тухайн үед “СЕХ шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тул бид улс төрийн шийдвэр гаргасан. Та бүхэн харлаа. УИХ-ын гишүүн хүртэл Төв талбайгаар явж болохгүй байна. Бид Хойд Солонгос биш. Сонгууль ардчилсан байх ёстой" хэмээж байв.
БАРИМТ 22
Тэрбээр УИХ-ын гишүүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллаж байна.
БАРИМТ 23
Ж.Батсуурь 2022 онд Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж явсан. Гэсэн ч нэрээ татсан юм. Энэ талаараа тэрбээр "Би С.Эрдэнийн намаас хөөгдсөн. Би бүтэн Ардчилсан намыг бий болгох зорилго тавьсан. Хэдхэн дарга нарын гарт орчихсон байсан. Үүнээс болж Ардчилсан намын амжилтгүй байдал үүссэн. Намайг ямар нэгэн үйл явдал, хэн нэгэнтэй холбох боломжгүйг харсан байх. Бид 2014 оны Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмээр сунгаанд оролцсон. Шинэчлэгдсэн дүрэм гар дээр ирэх хүртэл санал хураалтыг хойшлуулъя гэсэн боловч Дотоод сонгуулийн хороо зөвшөөрсөнгүй. Ийнхүү нэрээ татаж байна" гэсэн юм.
БАРИМТ 24
Тэрбээр энэ оны хоёрдугаар сард малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл санаачилна гэж попорсон удаатай. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дээрх санаачилгыг гаргаж байгаа аж. Тойрог томссоноор УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл хангаж буй улстөрчдийн хувьд зуд хүртэл улстөржүүлэх сэдэв болж хувирсан гэхэд хэлсдэхгүй болов уу.
Сэтгэгдэл (1)