Монголын сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуудаа "гавьяат" болсон нэгэн бол С.Тулга дасгалжуулагч. Түүнд эл спортын төлөө хийсэн гавьяа ч бий, гай ч бий. Тодруулбал, холбооны ЕБНД байхдаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг ХНХ-ийн сайдаар ажиллаж ахуй үед нийлж, холбоог хоёр салгах буюу хоёр лигтэй болгох тохироог бүрдүүлсэн буруутан гэгддэг.
Гэхдээ дасгалжуулагч С.Тулгыг "3Х3" сагсан бөмбөгийн талбарт монгол тамирчдыг гаргаж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Одоо Монгол Улсын шигшээ багийг дасгалжуулж буй Стив Серийг "баян айлын эрх хүүхэд. Канадын 3х3 шигшээг хөнтөрчихөөд л ирсэн" гэж С.Тулга мэдэгдэл хийхдээ дурдаж байлаа. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тэмцээнд манай 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг дөрөвт үлдээд "мултарлаа".
Ажлаасаа халагдсан дасгалжуулагч С.Тулга өөрийгөө халуун нурам дээгүүр гүйж, энэ талбарт эл сагсанбөмбөгийн хөгжлийг босгож ирсэн гэж ярьдаг.
Түүнд тактикийн хувьд ч засаж сайжруулах, олимпын эрхийн төлөөх "тулаан"-д тамирчдаа гаргаж ирэх, Парисыг зорих тасалбарыг авах чин хүсэл, нөөц боломжийг олж харсан, санаанд нь "багтах"-аар үл барахуй байгаа бололтой.
Тэрбээр MBA-ийн ерөнхийлөгч Г. Батцэнгэл, MGL3x3 ерөнхийлөгч Л. Мягмаржав нараас түүнд үлдсэн "ганцхан боломж"-ийг олгож, хамтарч ажиллахыг өөрийн цахим хуудсаар дамжуулж "гуйсан" байна.
Түүний 3х3 сагсанбөмбөгийг хөгжүүлэхэд оруулсан нэмрийг үнэлж, чухал тэмцээнд "ганцхан боломж" олгох боломж бий бол, олгоод харах нь ёсонд нийцэж ч магад. Үнэхээр медалийн тавцанд гаргаж ирж чадахгүй бол Монголын шигшээгийн ахлах дасгалжуулагчийн үүргээс халагдсанаа албан ёсоор зөвшөөрч, үг дуугүй "явах" биз ээ.
М.Жаргал