БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал. Тэрбээр 1967 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. УИХ-д анх 2020 онд сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Төв аймгийн Зуунмод сумын хоёрдугаар дунд сургууль, МУИС-ийг банкны эдийн засагч, Удирдлагын академи, төрийн удирдлагын менежерээр сурч төгсчээ.
БАРИМТ 3
Ажлын гараагаа Баян-Өнжүүл сумын Хаан банкинд эдийн засагчаар эхлүүлж байгаад сумынхаа Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2012 оны Орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д дэвшиж, 2016 оноос мөн аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан.
БАРИМТ 4
1990 оноос хойш 20 гаруй жилийг Баян-Өнжүүл сумандаа ажиллаж, амьдарсан учраас түүнийг Өнжүүлийн Ж.Батжаргал гэж нутгийнханд нь таньдаг.
БАРИМТ 5
Аймгийнхаа улс төрд орж ирсэн цагаасаа ч тэрбээр Төв аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ дарга гээд намын доод албанд олон жил зүтгэсэн нэгэн.
БАРИМТ 6
Насаараа Төв аймагтаа ажиллаж амьдарч, 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, бэлтгэгдсэн боловсон хүчин.
БАРИМТ 7
2020 оны УИХ-ын сонгуульд хэзээнээсээ улаан гэгддэг Төв аймгаас хэн сонгогдох, УИХ-ын гишүүн асан М.Энхболд өрсөлдөх үү гэдэг таамаг хөврөх үед Ж.Батжаргалын нэр яригдаж эхэлсэн бөгөөд түүнийг М.Энхболдын “халааг” авах таамаг өрнөж байсан.
БАРИМТ 8
Төв аймгийнхан түүнийг М.Энхболдын хүн гэх нь бий.
БАРИМТ 9
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд орон нутагтаа олон жил ажилласан, намдаа “үнэнч” хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлсний нэг нь Ж.Батжаргал.
БАРИМТ 10
Тэрбээр Төв аймгийн Заамар сумыг дагасан уул уурхайн компаниудтайгаа дорвитойхон тэмцэж, ажил хэрэг болгож чаддаггүй хэмээн шүүмжлүүлэх нь олон.
БАРИМТ 11
Нэг хэсэг “Эко Алтан заамар” компанид асуудал гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбогдох яамдаас нь өгсөн ч Засаг дарга Ж.Батжаргал цуглуулж чадахгүй, хүчин мөхөсдсөн гэдэг.
БАРИМТ 12
Ж.Батжаргал насаараа нам, төрд зүтгэсэн учраас бизнес гээд байх зүйлгүй.
БАРИМТ 13
Тэрбээр нэр дэвшихдээ жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 160 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгийн малтай хэмээн ХОМ бөглөсөн байдаг.
БАРИМТ 14
Төв аймгаас гишүүнээр сонгогдохдоо 42,32 хувийн санал авч байжээ.
БАРИМТ 15
Тэрбээр гишүүн болсноосоо хойш Нийгмийн даатгалын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль, Малчны тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль зэргийг санаачлан өргөн барьж, гар бие оролцсон.
БАРИМТ 16
Их хуралд сууснаасаа хойш мэргэжлийнхээ ур чадварыг төдийлөн олонд харуулж чадаагүй явна. Харин тойргоо усалж, дахин сонгогдох аргаа бодсон уу, эсвэл хүч хүрч дуугарах сэдэв нь тэр байв уу ямартай ч газар тариалан, хөдөө аж ахуйн асуудлаар хааяа нэг дуугарч харагдах болсон.
БАРИМТ 17
Энэ парламентад тэрбээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 18
Тэрбээр өнгөрсөн намрын УИХ-ын чуулганы хуралдаанд 94,3 хувийн ирцтэй оролцжээ.
БАРИМТ 19
Гишүүдийн ХОМ-оос харахад УИХ-ын хамгийн "ядуу" гишүүн нь Ж.Батжаргал тодорсон хэмээн хэвлэлүүд онцолж байв. Тэрбээр өөрийнхөө хөрөнгө орлогыг 375 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оноосоо 114 саяар буурсан дүн юм.
БАРИМТ 20
Тэрбээр 110 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай, 133.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, 21.2 сая төгрөгийн авлагатай зэргээр ХОМ-ээ гаргасан аж.
БАРИМТ 21
Түүний гэр бүлийн орлого 43 сая төгрөг.
БАРИМТ 22
Тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 23
АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуй нэгжгүй гэж мэдүүлсэн. Иймд ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох нөхцөл хязгаарлагдмал байгаа аж.
БАРИМТ 24
Тэрбээр МАН-ын бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй өрсөлдөж байсан удаатай. Гэсэн ч сонгогдож чадаагүй юм.
Сэтгэгдэл (4)