Тавдугаар сарын эхний долоо хоног өнгөрч, бидэнд спортын цэнгэл мэдрүүлсэн олон сайхан үйл явдал боллоо. Тэдгээрээс та бүхэнд сорчлон хүргэж байна.
Б.БААСАНХҮҮ “ДУШАНБЕ”-ИХ ДУУЛГАД ТҮРҮҮЛЛЭЭ
Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчлагдсан тэмцээний нэг “Душанбе” Их дуулга тэмцээний эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн аварга, ОУХМ Б. Баасанхүү Их дуулгын түрүү хүртлээ. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Туркийн Туксе Бедерыг нэмэлт цагт ялсан. Энэ түүний Их Дуулга тэмцээний анхны түрүү болж байна.
МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ”ДУШАНБЕ” ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 57 кгд хүч үзсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн “Душанбе” Их Дуулга тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельги улсын Мина Либертэй барилдаж нэмэлт цагт торгуулиар яллаа.
Манай тамирчин хэсэгтээ Узбекстаны Шукуржон, Хорватын Тиеа Тополович, Германы Паулин Штарк нарыг ялсан. Улмаар зооны аваргын барилдаанд Канадын Климкайтед ялагдсан юм.
Б.ХУЛАН АЗИ ТИВЭЭС ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ТҮРҮҮЛЛЭЭ
АНЭУ-н Абу Даби хотноо зохиогдож буй Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний FIGHTHING төрөлд +70кг жинд Батбаатрын ХУЛАН түрүүллээ. Тэрбээр энэ төрөлд Азидаа 3 дахь түрүүгээ авлаа.
Б.ЭРДЭНЭБАЯР, Ж.ЭНХТӨР НАР ДУШАНБЕ ИХ ДУУЛГАД ШАГНАЛТ V БАЙРТ ШАЛГАРЛАА
Душанбе их дуулга тэмцээний 73 -кгд хүч үзсэн үндэсний шигшээ баг, ОУХМ Б. Эрдэнэбаяр хүрэл медалийн төлөө Казахстаны Койбагар Дархан, ОУХМ Ж. Энхтөр Узбекстаны Жумаев Мухаммадад ялагдаж шагналт V байрт шалгарлаа.
Г.МОНГОЛЖИН ЖЮҮ ЖИЦҮГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНЭУ-н Абу Даби хотноо зохиогдож буй Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан боллоо.
УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бадрах Өглөө” ХХК, “Дрем агчисгаз” ХХК, “Шилдэг зам” ХХК, "Их Богд" дэвжээний бөх, улсын начин Ө.Батзул, Увс аймгийн Давст сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Н.Дашдаваа, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Б.Даваадалай нар үлдэв.
Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ НАЧИН ТҮРҮҮЛЛЭЭ
Монгол Улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Туран Ворлд” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Н.Мустафа, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Наймд улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА ТҮРҮҮЛЛЭЭ
“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Ө.Батзул, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.
Олимпын эрхийн төлөөх тэмцэл
Монгол улсын шигшээ баг Япон улсын Уцуномия хотод зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээнд хэсгээсээ шалгарч дөрөвдүгээр байрт шалгарлаа. Хэсгийн эхний тоглолтдоо Японы хүчирхэг багт 22:12-оор ялагдсан манай бан хэсгийн хоёр дахь тоглолтдоо хүчирхэг Францын шигшээг 21:17-оор ялсан. Улмаар сүүлийн тоглолтоо Егитетийн шигшээ багтай хийж, ялсан юм. Улмаар хасагдах шатанд тэмцээнд түрүүлж, олимпын эрхээ өвөртөлсөн Недерландын шигшээд ялагдав.
Л.Сайнаа