БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Э.Батшугар. Тэрбээр 1987 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү.
БАРИМТ 2
Тэрбээр 1994 онд орос 14-р сургуульд элсэн орж, улмаар 2000 онд АНУ -ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцжээ. 2004 онд АНУ -ын Бэнтлигийн их сургуульд элсэн орж 2008 онд Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн.
БАРИМТ 3
2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлж улмаар Английн Лондон хотын салбарт шилжин ажилласан. Ийн ажиллахдаа хувьцааг анхдагч зах зээлд гаргах /IPO/, бонд гаргах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай харилцагчидтай илүү түлхүү ажиллаж байжээ.
БАРИМТ 4
Ингэхдээ 23 настай Э.Батшугар 2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн хэмээн намтартаа дурдсан байдаг.
БАРИМТ 5
Оюутан байхдаа Регбигийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2006-2008 онд Америкийн их дээд сургуулиудын аваргаар дараалан шалгарч байжээ.
БАРИМТ 6
2011 онд Монголдоо ирж, тухайн үед намын нэрээ сэргээж аваад байсан МАХН-д элсэн орсон байна. 2011-2012 оны аравдугаар сар хүртэл "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн зэрэг албыг хашжээ.
БАРИМТ 7
Дараа жилээс нь буюу 2012 оноос 2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан.
БАРИМТ 8
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 9
Тэрбээр айлын ууган хүү бөгөөд Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй.
БАРИМТ 10
Э.Батшугар аавынхаа тулаар “Аав бидэнд цаг бага гаргадаг байсан. Байнга ажилтай. Би гадаадад олон жил байсан болохоор аавтайгаа дандаа цуг байгаагүй” гэж тэр ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 11
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр намын жагсаалтад нэрийг нь эхний 10-т эрэмбэлсэн хүн бол түүний аав. 2020 оны сонгуульд амжилт олоогүй ч 2021 оны нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн.
БАРИМТ 12
МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. Э.Батшугарын хувьд сайн эцгийн нэрээр улс төрд орсон шинэ хүн, насны хувьд ч залуу.
БАРИМТ 13
Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний өөрийн орлого 92,6 сая төгрөг аж. Харин гэр бүлийн орлого нь 704 сая төгргө гэнэ. Тэрбээр 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууцтай.
БАРИМТ 14
Мөн 162 сая төгрөгийн хадгаламжтай, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй аж.
БАРИМТ 15
Тэрбээр энэ парламентын хугацаанд ердөө гурван хуулийн төсөлд гар бие оролцож санаачилжээ. Тухайлбал, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай, УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай хуулийн төсөлд оролцсон байна.
БАРИМТ 16
Өнгөрсөн онд түүний санаачлагаар МУИХ-д Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдаж, түүнийг даргаар нь томилсон байдаг.
БАРИМТ 17
Тэрбээр УИХ-ын Инновац, Цахим бодлогын байнгын хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 18
Түүний дүүрэгтээ хийсэн ажлаас дурдвал, Сонгинохайрхан дүүрэгт 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөл, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтийг шийдвэрлэжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхнаас бүрдсэн “Оюунлаг ирээдүй” клуб байгуулжээ.
БАРИМТ 19
Тэрбээр багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг байсан бөгөөд шатар яггүй сайн тоглодог аж.
БАРИМТ 20
2013 онд "Гутал" ХК-ийн хувьцаа эзэмшигч Төмөрийн охин Т.Дарима охин төрүүлснээр Э.Батшугар аав болсон. Түүний охин 11 настай.
БАРИМТ 21
2019 оноос жүжигчин Б.Янжиндуламтай хамтран амьдарч байгаа. Б.Янжиндулам нь БНСУ-ын их сургуулийг жүжигчнээр төгссөн. Амьдралоги, Mongolian Connection зэрэг монгол киноны дүрээрээ танигдсан.
БАРИМТ 22
Э.Батшугарын өөрийн нэрлэсэн “Их ажлын жилүүд” буюу 2008-2011 онд бий болсон бага унтдаг хэвшил нь түүнийг өнөөдөр олон хоббитой болгожээ. Тэрээр фитнессээр байнга хичээллэж, дугуйн спорт, ууланд авиралтын спортод хоббитой болж, улмаар Монголын хамгийн өндөр гурван оргил болох Алтай Таванбогд, Мөнх хайрхан, Сутай хайрханд амжилттай авиралт хийсэн туршлагатай уулчин болжээ.
БАРИМТ 23
Мөн Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай, монгол ахуй зан заншил, мөн Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 24
Э.Батшугар гишүүн болоод гурван он дамнав. Гэсэн ч түүний гэх улс төрчийн өв, байр суурь, далайц үзүүлсэнгүй өнөөдрийг хүрчээ.
Сэтгэгдэл (18)