БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг буюу одоогийн Эрдэнэбулган суманд айлын ууган хүүхэд болон мэндэлжээ.
БАРИМТ 2
1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр.
БАРИМТ 3
Англи, Орос, Хятад, Япон хэлтэй.
БАРИМТ 4
“Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байв.
БАРИМТ 5
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж, Засгийн газраа байгуулахад Сангийн дэд сайдаар ажиллаж эхэлсэн нэгэн. Тэр цагаас хойш улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн.
БАРИМТ 6
Тухайн үедээ дэд сайд нар дундаа хамгийн боловсролтой, хэлтэй, гадаад дотоодод ажиллаж байсан туршлагатай ч төрийн албанд ажиллаж байгаагүй "танихгүй хүн" байв.
БАРИМТ 7
Дэд сайдаар ажилласан цагаас эхлэн Х.Булгантуяа гэх боловсролтой эмэгтэй улстөрчдийн эгнээнд бичигдэж, МАН-ын залуу боловсон хүчнээр нэрлэгдэж эхэлсэн.
БАРИМТ 8
Эдийн засагч мэргэжилтэй Х.Булгантуяа дэд сайдын суудалд томилогдохоосоо өмнө хувийн хэвшилд олон жил ажилласан. Тухайлбал, 2010-2012 оны хооронд “Оюутолгой” компанид ажиллаж байсан учраас түүнийг тус компанийн гар хөл хэмээн шүүмжлэх нь бий.
БАРИМТ 9
Гэхдээ улс төрийн хүрээнд Х.Булгантуяаг “Петровис” компанийн ерөнхийлөгч агсан Ж.Оюунгэрэлийн хүн гэх нь ч бий. Тэрээр өөрөө улстөрд орж ирэхгүй Х.Булгантуяаг улстөрд зүтгүүлж, богино хугацаанд крандуулж, намын Бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн болсон түүхтэй ч гэх яриа бий.
БАРИМТ 10
Эзэмшсэн боловсролоороо бол Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдээс хэнийг нь ч дагуулахгүй нэгэн. Англи, орос, хятад, япон хэлтэй, эдийн засагч мэргэжилтэй учраас Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа ОУВС-ийнхантай хэл амаа ололцож, асуудалд илүү мэргэжлийн ханддаг байсан гээд түүнд “бараан” түүх тун ховор.
БАРИМТ 11
М.Энхболдын хүн гэж харах хүмүүс МАН-д олон байсан учраас 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал тулгарч байв. Гэвч У.Хүрэлсүх намын дарга байхдаа түүнд нэр дэвших эрх олгож, БЗД-ээс сонгогдсон юм.
БАРИМТ 12
2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон жилдээ өөрийн орлогыг 29 сая 553 мянга 180 төгрөг гэж мэдүүлж байжээ. Улмаар 2021 онд түүний орлого огцом 91 сая 130 мянган төгрөг хүртлээ өссөн.
БАРИМТ 13
Х.Булгантуяа гишүүн 560 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай.
БАРИМТ 14
Тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх 629 метр квадрат эзэмших эрхтэй нэг газар, 697 метр квадрат газрыг тус тус эзэмшдэг.
БАРИМТ 15
Орон дамжиж боловсрол эзэмшсэн гэх Х.Булгантуяа гишүүний гэр бүлийн хүнийг О.Батсүрэн гэдэг. Тэд анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болсон.
БАРИМТ 16
Өнгөрсөн онд Х.Булгантуяа сайд намтраа хуурамчаар бичсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан юм. Тухайлбал, тэрбээр намтартаа 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх” гэж бичсэн байдаг.
БАРИМТ 17
Мөн Х.Булгантуяа өөрөө 2022 оны гуравдугаар сарын 1-нд “Tomyo outliers” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би 2008 онд АНУ-ийн Иелийн их сургуулийг төгссөн. Төгсмөгцөө АНУ-д хэсэг хугацаанд ажилласан. Вашингтонд төвтэй Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ хөгжиж буй орнуудын Сангийн яаманд нь зөвлөхөөр очиж ажилладаг байсан. Жишээ нь, Израйл, Этиоп, Палестин, Зүүн Тимор гэх мэт улсуудад очиж ажилласан. “Палестинд бөмбөг дэлбэрлээ” гэхэд ээж, нөхөр хоёр маань “Хүүе ээ, амьд уу” гэж залгадаг байлаа. Би тийм орнуудад явж байхдаа “Би маш сайхан улсад төрж, өсжээ” гэж боддог байсан” гэж ярьсан байдаг.
БАРИМТ 18
Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа хууль бусаар зөвлөхийн албан тушаалд ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан гэж буруутгагдаж, улмаар хоёр жил Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх сахилгын шийтгэл авсан байжээ.
БАРИМТ 19
Тэрбээр дэд сайд байхдаа Архангай аймгийн Өгийнуурт болсон Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан спортлог улстөрч.
БАРИМТ 20
Энэ парламентад Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаад, төд удалгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.
БАРИМТ 21
Тэрбээр Хүүхэд хамгааллын тухай хууль, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын Их Хурлын тухай, Газрын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Авлигын эсрэг хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Банкны тухай хуулиудыг өргөн барьж, батуулсан аж.
БАРИМТ 22
Энэ оны гуравдугаар сард “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын үеэр тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд загнуулсныг уншигч та мэдэх биз ээ. Тухайлбал, Хуралд байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм. Булгантуяа чи бос, хүмүүсээс уучлалт гуй. Та нар битгий хурлаас хоцорч бай" гэж загнахад сайд Х.Булгантуяа суудлаасаа босож, уучлалт хүссэн.
БАРИМТ 23
2023 оны гуравдугаар сард Х.Булгантуяа сайд "Шүгэл" нэртэй төслийг хэрэгжүүлэх талаараа тайлбарлаж, шүгэл үлээсэн. Тэрбээр "Хүчирхийлэлд өртсөн үед хүүхэд хамгаалах шүглийг үлээнэ. Энэ бол их энгийн шүгэл. Эцэг эхчүүд хүүхэддээ энэ шүглийг авч өгөх ёстой” гэсэн байдаг. Камерын өмнө шүгэл үлээсэн ч түүний үлээсэн шүгэл дугараагүй юм.
БАРИМТ 24
2024 оны тавдугаар сарын 1-ны өдөр буюу өчигдөр өглөө түүний скүүтэр унан ажилдаа явж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэвлэл мэдээлэллүүд болон иргэдийн хэлж буйгаар сонгуулийн шоу эхэлсэн аж. Х.Булгантуяа сайд үүнийг тайлбарлахдаа "Би дугуйн спортоор хичээллэдэг. Хавар, зундаа ихэвчлэн дугуй унадаг" гэсэн юм.
Сэтгэгдэл (27)