БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан. Тэрбээр Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Их сургуулиа 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч, 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 2
Англи, Герман хэлтэй.
БАРИМТ 3
Ажлын гараагаа “Баян Хадат” тур ХХК, гүйцэтгэх захирал гэх албан тушаалаар эхэлж, Нийслэлийн БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга, ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан.
БАРИМТ 4
2008 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. 2016 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Үүний дараа 2020 онд анх удаа УИХ-д сонгогдсон.
БАРИМТ 5
Түүнийг улс төрд хөтлөн оруулсан эрхэм ах нь өдгөөгийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэдэг.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийнхөө өсч торнисон Баянзүрх дүүрэг, Сансарын хэд хэдэн баарны эзэн гэж хэвлэлүүдээр бичигддэг.
БАРИМТ 7
Энэ дөрвөн жилдээ хамгийн их хөлжиж, хөрөнгөжсөн эрхэмээр түүнийг нэрлэж болох юм. Тухайлбал, Э.Бат-Амгалан НИТХ-ын төлөөлөгч байхдаа буюу 2019 онд жилдээ 172 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 5.2 сая төгрөгийн хадаламжтай, 614 сая төгрөгийн өр зээлтэй гэж мэдүүлж байв.
БАРИМТ 8
Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн. Мөн “Опту” ХХК-д хувьцаа эзэмшдэг болсон гэж мэдүүлсэн байдаг.
БАРИМТ 9
Хангарьд ордноос Төрийн ордонд шилжээд ердөө хоёрхон жилийн дотор орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр, орон сууц нь 1.3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдэж, 614 сая төгрөгийн өр зээлээ тэглэж, эсрэгээрээ 362 сая төгрөгийн хадгаламжтай болчихсон гэсэн үг.
БАРИМТ 10
Э.Бат-Амгалан аав Б.Энхтайван, эхнэр Б.Заяа хоёрынхоо нэр дээр “Батхаан” гэх зочид буудалтай. Олны мэдэхээр “Кемпински” зочид буудлын ард “Батхаан центр” гэх баар, караокетэй. Энэ зочид буудал, баар, караокеноосоо жилдээ 172 сая төгрөгийн орлого олдог гэж ХОМ-тээ тайлагнадаг байв.
БАРИМТ 11
Түүний хувь эзэмшдэг “Опту” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо буюу Улаанхуарангийн эцэст “Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан аж.
БАРИМТ 12
Хууль тогтоох байгууллагад анх удаа орж ирсэн түүний хувьд өдгөө эхлэн суралцагч. Тэр ч утгаараа УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар тэр бүр хүчтэй байр суурь илэрхийлээд байдаггүй.
БАРИМТ 13
Тэрбээр төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж руу салаавч гарган, гарчихъя, үзчихье хэмээн согтуурхсан удаатай. Энэ талаараа "Би огт архи амсдаггүй. Намайг таньдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан бол уучлал гуйх чадвар надад байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, чанга дуугаар ярьсан нь үнэн. Бид хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсан" хэмээж байв.
БАРИМТ 14
Хэн ч харсан гэмгүй даруухан, улаа бутарсан царайтай тэрбээр үүнээс өмнө нэгэн удаа “хэлд орж” байсан түүхтэй. Хаврын чуулганы үеэр LRT-г эсэргүүцсэн Ч.Хүрэлбаатар гишүүн рүү хорон үгээр дайрч “хэлд орсон” түүнийг энэ хүртэл олон түмэн УИХ-ын гишүүн гэж нүдлээгүй байв.
БАРИМТ 15
Ямар сайндаа л “Хүрэлбаатар гэж хэлд орсон гишүүн” гэдэг хочийг Э.Бат-Амгалан гишүүн зүүж байхав.
БАРИМТ 16
Уг нь УИХ-ын гишүүд санаачилсан хууль, хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ олонд танигддаг бол Баянзүрх дүүргийн төлөөлөгч гишүүн архи уусан уугаагүй агсамнадгаараа танигдсан түүхтэй.
БАРИМТ 17
Тэрбээр 362,936,410 төгрөгийн дотоодын хадгаламжтай аж.
БАРИМТ 18
Энэ дөрвөн жилийн хугацаанд Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Түр хороо байгуулах тухай, Газрын тухай, Жолоочийн даатгалын хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Төсвийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай зэрэг хуулиудыг санаачлан, гар бие оролцжээ.
БАРИМТ 19
Тэрбээр аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 20
Тэрбээр 2024 он гарснаас хойш нэг ч хуулийн төсөлд саналаа өгөөгүй байна.
БАРИМТ 21
2023 оны намрын чуулганы хуралдааны 71 хувьд суусан бол 11 хувьд нь тасалсан аж.
БАРИМТ 22
Тэрбээр тойрогтоо "Дэмжье" санаачилгын өрнүүлж, Баянзүрх дүүргийн 8,11,37-р хороонд ОУ стандарт бүхий 3х3 сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ.
БАРИМТ 23
Нэг хэсэг Э.Бат-Амгалан РЦНК хавийн газарт ихээхэн санаа тавих болсон. Уг шалтгаан нь Б.Наранхүүтэй холбоотой байж болзошгүй хэмээн тухайн үед бичиж байв. Учир нь Б.Наранхүүгийн хамааралтай зурвас газар РЦНК-гийн урд, яригдаад байгаа газруудын дунд байдаг байна. Тиймээс тэр хүн зарсан газраа буцааж авахаар ажиллаж байж ч болох юм. Түүнийг нь Э.Бат-Амгалан гүйцэтгэсэн гэх хардлага түүнийг дагасан удаатай.
БАРИМТ 24
Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4,7 км замыг төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулах үеэр Э.Бат-Амгалан гишүүн тууз хайчласан удаатай. Тухайлыал, нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцсон нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн юм.
Сэтгэгдэл (9)