БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун. 1982 онд 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсчээ.
БАРИМТ 2
Агрономич мэргэжлээр их, дээд сургууль дүүргэсэн тэрбээр ажлын гараагаа Дорнод аймгийн Ардын депутатуудын хурал гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхлүүлсэн байна.
БАРИМТ 3
Улмаар Дорнод аймгийн Булган суманд мэргэжлээрээ ажиллаж байгаад “Хишиг агро” компанийг байгуулжээ. Энэ үед Дорнод аймгийн “Гурил тэжээл” нэртэйгээр 1959 онд зүүн аймгуудын хүн амыг грилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилгоор 4500 тн гурил, 5500 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх байгуулсан үйлдвэрийг 1997 онд бүрэн хувьчлан авч захирлаар нь ажиллажээ.
БАРИМТ 4
“Дорнод гурил” компани нь 1999 оноос газар тариалангийн салбартай болж өдгөө Халх гол сумын нутагт 2200 га талбайд улаан буудай, Цагаан-Овоо суманд 630 га бүрэн автоматжисан усалгаатай талбайд төмс, улаан буудай тариалж байна. Гурил, малын тэжээл үйлдвэрлэж төмс тарихаас гадна өдөрт 5000-6000 ширхэг талх үйлдвэрлэн Дорнод аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг улсын хэмжээний үйлдвэр юм.
БАРИМТ 5
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд аймагтаа ажиллаж, амьдрах болсон Х.Болорчулуун улс төрд орсон цаг үе нь 2000 он. Хувийн компаниас хувьсгалын ажилд оролцох болсон тэрбээр энэ үеэс 2012 оныг хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.
БАРИМТ 6
2012 оны сонгуулиар Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед парламентад гурван бие даагч байсны хоёр нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар.
БАРИМТ 7
Улмаар Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бие даагчдын зөвлөл” байгуулж, “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа гариг бүр тухайн долоо хоногт УИХ, Байнгын хороо, Ажлын хэсгээр хэлэлцэх хуулийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа мэдээлдэг байв.
БАРИМТ 8
Харин үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээн шүүмжилж байсан удаатай.
БАРИМТ 9
Х.Болорчулуун тэргүүтэй “Бие даагчдын зөвлөл”-өөс хүчтэй шүүмжилдэг байсан асуудлын нэг нь Оюу Толгой. Тэдний зүгээс монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюу Толгойг Рио Тинтод бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчдийг шалгах ёстой. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюу Толгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздүүд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг байсан юм.
БАРИМТ 10
Ийнхүү өмнөх парламентын үед “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан Х.Болорчулуун 2016, 2020 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж дахин нэр дэвшин, гурав дахь удаагаа сонгогдсон юм.
БАРИМТ 11
Тэрбээр Орос хэлтэй.
БАРИМТ 12
Түүний өөрийн орлого 12 сая бол өрхийн орлого 20 сая төгрөг аж. Тэрбээр жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570 машинтай хэмээн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
БАРИМТ 13
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан асуудал сөхөгдөхөд Х.Болорчулуун гишүүний “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болж байв. Тухайн үед тэрбээр “Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг.
БАРИМТ 14
Мөн “ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм” гэсэн тайлбарыг өгсөн удаатай.
БАРИМТ 15
Тэрбээр 2016 онд гишүүнээр сонгогдсоныхоо дараа ч Оюу Толгойн тойрсон асуудалд шүүмжлэлтэй ханддаг байр суурь өөрчлөгдсөнгүй.
БАРИМТ 16
Үүний нэг илрэл нь Оюу Толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр эсэргүүцсэн удаатай.
БАРИМТ 17
Х.Болорчулуун гишүүний хувьд Оюу Толгойн асуудалд шүүмжлэлтэй ханддагаас гадна УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн гишүүн. Тэрбээр “Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс Оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна.
БАРИМТ 18
Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна” гэсэн байдаг.
БАРИМТ 19
Оюу толгойн асуудлаас болж Ц.Нямдорж сайдтай тухайн үед гар зөрүүлж байсан удаатай.
БАРИМТ 20
Тэрбээр энэ параламентын турш Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг өргөн барьж, батлуулсан.
БАРИМТ 21
Тэрбээр 260 адуутай.
БАРИМТ 22
Х.Болорчулуун 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон нэгэн. Түүнийг сайд болоод удаагүй байтал гурилын үнэ 50 хувиар өссөн хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй бий. Мөн түүнийг хувийн компани ХХААХҮ-ийн салбатай нягт холбоотой билээ.
БАРИМТ 23
Тэрбээр ЖДҮ, Тендерээс гадна хүчингийн хэрэгт холбогдож байсан түүхтэй. Тухайлбал, хохирогч гэх бүсгүй "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн бичсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хүчин хийгээгүй. Тийм мэдээлэл хэн тараасныг олж өгнө үү гэсэн хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэсэн байдаг. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, худал мэдээлэл хэмээн тогтоосон.
БАРИМТ 24
Энд тендерт холбогдсон түүхээс дурдъя. Тэрбээр "Дорнод гурил"-аас гадна "Дорнод газар", "Саруул өргөө констракшин" ХХК-тай нэр холбогддог. "Дорнод газар" ХХК нь сайдын төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, "Саруул өргөө констракшин" ХХК нь дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийнх аж. Дүү нарынх нь уг компани 2018 оноос хойш төрөөс нийт 20,9 тэрбум төгрөгийн тендер авчээ.
Сэтгэгдэл (2)