БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр. Тэрбээр Хөдөө аж ахуйн их сургууль, инженер механик, ОХУ Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль, эдийн засагч улс төр судлаач, Монгол улсын их сургууль. Хууль зүйн дээд сургууль. Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Харин 2008 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 2
Тэрбээр 1986-1989 оныг хүртэл Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна. Нийгмээрээ зах зээлд шилжихэд Б.Баттөмөр бусдын адил ганзгагын наймаанд явж, бизнес эрхлэх болсон байна.
БАРИМТ 3
1990 оноос хойш хувийн хэвшилд бизнесээ өргөжүүлж ирсэн түүний хувьд 2000 оноос Гаалийн ерөнхий газарт дэд даргаар очиж, 2008 оныг хүртэл дарга болтлоо дэвшин ажиллажээ.
БАРИМТ 4
Тэрбээр Орос, Англи хэлтэй.
БАРИМТ 5
Түүнийг гаалийн удирдлагад ажиллаж эхэлсэн 2000 оны үед түүний 100 хувийн эзэмшлийн “Тэс петролиум” компани үүсгэн байгуулагджээ. Газрын тосны бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн уг компани өдгөө 6 агуулах, 60 гаруй шатахуун түгээх станцтайгаар газрын тосны бүтээгдэхүүн импортлож, Монгол Улсын тодорхой хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж буй.
БАРИМТ 6
Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үеэс Гаальд дархлагдсан гэгддэг Б.Баттөмөр 2008 оны сонгуулийн дараа ажлаа хүлээлгэн хувийн бизнесээ эрхлэх болжээ. Харин 2011 онд Татварын ерөнхий газрын даргаар томилогдож 2013 оныг хүртэл ажилласан байна. Хэдийгээр 2012 оны сонгуульд АН ялж, Засгийн газраа эмхлэн байгуулсан ч улсын төсвийг голлон бүрдүүлэгч Татварын дарга, МАН-ын шошготой Б.Баттөмөрийг чөлөөлөлгүй жил дамнан ажиллуулсан нь түүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаантай ойр ажилласных гэсэн яриа бий.
БАРИМТ 7
Ийнхүү Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд голлох нөлөөтэй Гааль, Татвар гэсэн хоёр томоохон агентлагийн удирдлагын төвшинд 11 жилийн турш ажилласан Б.Баттөмөр хэсэгтээ нам гүн явсан ч 2016 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр болж, бүр сонгогдсон юм.
БАРИМТ 8
УИХ-ын гишүүн болсноосоо хойш Б.Баттөмөр Оюу Толгой төслийг хүчтэй шүүмжлэгч гишүүдийн нэгээр тодрох болсон. Тэрбээр “С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар XXI зууны гэрээ хийж мэддэггүй хүмүүс байж. Тэд гэрээ хийх ямар ч мэдлэггүй хүмүүс байж. Ч.Сайханбилэг Да.Ганболд нарын Дубайн хэлэлцээр шиг ашиггүй зүйл үгүй. Одоо бүх зүйлд цэг тавьж, Монголын талын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. Хөрөнгө оруулагч тал Монголын нутагт байгаа бол манай дүрмээр тоглоно. Хэлэлцээрийн ширээний ард суухгүй, дургүй байвал УИХ-ын 57 дугаар тогтоолд дурдсанаар гэрээг цуцлах л ёстой” гэсэн удаатай.
БАРИМТ 9
Угтаа бол “Оюутолгой төслийн гэрээний талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний бодлоор Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын гадаад нэр хүнд маш их өссөн. Дэлхий нийт Монголын баялаг, хөгжлийн ирээдүй, татварын орчны талаар ам сайтай, маш их сонирхож, хөрөнгө оруулахыг хүсэх боллоо. Энэ нь манай улсын цаашдын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой” хэмээн Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж эхлээд удаагүй байхдаа буюу 2011 оны тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан хүн нь Б.Баттөмөр гишүүн.
БАРИМТ 10
Түүний хувьд УИХ-аас батлан гаргасан эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дийлэнхид нь орж, ажилласан нэгэн. Энэ нь эзэмшсэн мэргэжил, хашиж байсан албан тушаалтай холбоотой байж мэдэх.
БАРИМТ 11
УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ЖДҮ-д нэр холбогдсон асуудал Б.Баттөмөр гишүүнийг тойрсонгүй, дайрсан. Энэ тухай өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгож байлаа. Уг мэдээлэлд дурдсанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Гэхдээ энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тодорхой зүйл ярьдаггүй байна. Монголын төрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаар дамжуулан олгосон 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын дараахан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч гэх 60 шахаж яваа эр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн албан өрөөнд очиж уулзжээ.
БАРИМТ 12
Тэр хүн маш ноцтой зүйлийг хэлсэн нь “Нэг гишүүнд ЖДҮХС-гаас ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөг оногдож байгаа. Энэ нэг тэрбум төгрөгөөр Б.Баттөмөр гишүүний тойргийн хороодод сонгон шалгаруулалт явуулж, хэд хэдэн төсөл шалгаруулсан” гээд жагсаалт үзүүлжээ.
БАРИМТ 13
ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Мондем” ХХК руу “Зээл олгов” гээд 300 сая төгрөгийг шилжүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нь “Мондем” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т мэдүүлсэн байдаг.
БАРИМТ 14
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бүлгийн хуралдааны үеэр "ЖДҮХС-гаас зээл авсан болон "60 тэрбум"-ын асуудалд орооцолдсон, холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч хамаарал бүхий компанидаа 300 сая төгрөгийн зээл авсан Б.Баттөмөр 2020 оны УИХ-ын сонгуулиар дахин сонгогдсон юм.
БАРИМТ 15
Б.Баттөмөр гишүүн амины болон нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Эдгээр нь 360 сая төгрөгөөр үнэлэгджээ. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser автомашинтай.
БАРИМТ 16
2015 онд хоёр сая төгрөгийн хадгаламжтай байсан бол гишүүн болсноос хойш тогтмол нэмэгдэж 11 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ тэрбээр мөн ХОМ-тээ мэдүүлжээ.
БАРИМТ 17
Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл ХХК, Мондем ХХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Монгол Шевро ХК, Хөх ган ХК зэрэг компниудтай аж.
БАРИМТ 18
Б.Баттөмөр гишүүн жилийн 514 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь Б.Баттөмөр гишүүнийг парламентад сууснаас хойш хэд дахин нэмэгдсэн гэдэг.
БАРИМТ 19
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажилласнаас хойш 115 хуулийн санаачилсан, ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр орж ажиллажээ.
БАРИМТ 20
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаас нь дурдвал, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Дархан - Шарын голыг холбосон хатуу хучилттай авто зам, Миний монгол цэцэрлэгт хүрээлэн дэхь Хөл бөмбөгийн талбай, Дархан сумын 9-р сургуулийн өргөтгөлийн барилга, Дархан-Уул аймгийн бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн бүтээн байгуулалт, Аврах гал унтраах ангийн барилга угсралтын ажил зэрэг орно.
БАРИМТ 21
Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх тодотголтой хэрэгт 17 хүнийг холбоотой хэмээн нэрийг нь зарласан. Эдгээр 17 хүний дотор УИХ-ын 7 гишүүний нэр багтсан бөгөөд үүний нэг нь Б.Баттөмөр гишүүн байв.
БАРИМТ 22
Тэрбээр тухайн үед "Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй" хэмээн мэдээлж байсан. Гэхдээ төд удалгүй түүнийг нүүрсний гэх хэрэгт холбоогүй болохыг зарласан юм.
БАРИМТ 23
Б.Баттөмөр гишүүний сонгогдсон тойрогт, хувийнх нь ШТС шатсан удаа ч бий. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь "Тэс петролиум"-ийн шатахуун түгээх станцад 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж нэг иргэн амь насаа алдсан байдаг.
БАРИМТ 24
Тэрбээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Банкны тухай, Хувийн тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулжээ.
Сэтгэгдэл (1)