БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан. Тэрбээр Өлгий хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1971 онд, Политехникийн дээд сургуулийг 1976 од, Москва хотын удирдлагын академийг 1990 онд тус тус дүүргэжээ. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
БАРИМТ 2
Тэрбээр ажлын гараагаа Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр эхлүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдлагын газарт ерөнхий инженер, газрын дарга болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал, Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан.
БАРИМТ 3
Орос хэлтэй.
БАРИМТ 4
10 гаруй жилийн турш бизнес эрхэлсэн Х.Баделхан 2000 онд улс төрд хөл тавьж, аймгийн Засаг дарга болжээ. Аймгийн Засаг даргын албыг таван жил хашсан тэрбээр бусдын жишгээр 2005 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон байдаг. Харин 2012 оны сонгуульд МАН ялагдахад Бүлгийн албанд зөвлөхөөр очсон юм.
БАРИМТ 5
Ямар тохироотойг нь хэлж мэдэхгүй ч МАН засгийн эрх барихад Х.Баделхан аль нэгэн албан тушаалд очдог. Үүний илрэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тэрбээр Аж үйлдвэрийн дэд сайдаар очиж байв. Дэд сайдын албыг аваад явчих чадвар, туршлагатай залуус МАН-д олон бий ч Х.Баделхан тэдгээрийнхээ өмнүүр орж сайдын сэнтийд заларсан.
БАРИМТ 6
2016 оны ээлжит сонгуулиар Х.Баделхан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх Х.Ержан, Тогтвортой амжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Н.Самат нартай тавдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулан, хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
БАРИМТ 7
2017 онд МАН өөрсдийн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар дэвшиж ажиллаж байв.
БАРИМТ 8
Х.Баделхан гудамжинд лааз өшиглөхдөө ч, Төрийн ордонд байхдаа ч албан тушаалд очдогийн энгийн жишээ энэ.
БАРИМТ 9
Улс төрд ийнхүү өсч дэвшиж явдаг Х.Баделхан гишүүний намтар зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдахгүй. Төрөлх нутаг Баян-Өлгий аймагт эрх мэдлээ тогтоох замаар Вант улс байгуулах хэмжээнд хүрснийг хэвлэлээр гарсан, гарч буй мэдээллээс харж болно.
БАРИМТ 10
2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Баян-Өлгий аймагт олонх болоход Засаг даргаар нь томилогдсон А.Гылымхан Х.Баделхан сайдтай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү, хамаатан садан, ураг төрлийн хүмүүсээ ажилд томилсон тухай мэдээлэл нэг биш удаа гарсан.
БАРИМТ 11
Хэвлэлээр гарсан мэдээлэлд дурдсанаар сайд Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж, дүүгээ Боловсролын газрын дарга, эхнэрийнхээ төрсөн дүүг Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар томилуулжээ. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ар өврийн хаалгаар хийсэн томилгоо дээд цэгтээ хүрсний дараа 300 гаруй иргэний гарын үсэг бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч холбогдон эзэндээ хүрэлгүй хав дарагдсан удаатай.
БАРИМТ 12
Х.Баделхан сайдын үйлдэл зөвхөн төрийн албан дахь халаа сэлгээрээр зогсохгүй. 1994-2000 оныг хүртэл ерөнхий захирлаар нь ажилласан “Жол” компаниараа дамжуулж Баян-Өлгий аймагт зарласан зам, гүүрийн тендерийг хуу хамдаг гэх мэдээлэл ч олныг шуугиулаад амжсан.
БАРИМТ 13
Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт, ерөнхий инженер, даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр төрийн өмчид хамааралтай зам гүүрийн ангийг хувьчилан авч зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жол” компанийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тус аймагт зарласан бүх тендерийг авч ажил гүйцэтгэж ирсэн.
БАРИМТ 14
Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоны дараа нэгэн иргэн АТГ-д шалгуулахаар хандсан удаатай. Тухайн иргэний мэдээлэлд “Х.Баделхан гишүүний хамаарал бүхий “Жол” компани замын сангаас жил бүр 500 сая төгрөгийн төсөв авч байсан.
БАРИМТ 15
Үүгээрээ дөрвөн гол чиглэлийн зам болох Таянгийн боомт, Цагааннуур, Ховд, Хатгалын гэсэн замыг байнга тордох үүргийг хүлээж байсан ч жилд ганц хоёр удаа хуссан болоод өнгөрдөг. Гэвч төсвөөс 500 сая төгрөг авч байсан. Түүний тендер авч байсан тухай бичиг баримтууд аймгийн архивт хадгалагдаж байгаа учраас та бүхэн энэ талаарх баримт нотолгоотой мэдээллийг олж авах боломжтой” гэсэн байдаг.
БАРИМТ 16
Сонирхолтой нь, Х.Баделханы нэрийг Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэхээс өмнө тэрбээр 27 жил оршин тогтносон “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг албан ёсоор цуцлуулсан байдаг.
БАРИМТ 17
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл сайдад нэр дэвшигчийг буцаах эрх нь хуулиар АТГ-д олгосон эрх учраас сайд Х.Баделхан түүнээс урьтаж өөрийнхөө замыг зассан хэрэг.
БАРИМТ 18
Тэрбээр парламентын ангийн зарим нөхдийнхөө дэргэд улс төрд хал үзэж, хашир суусан туршлагатай ч төдийлөн ялгараад байдаггүй, чимээгүй л өмнөхөө хийгээд явж байдаг. Гэхдээ төлөв даруй харагддаг Х.Баделхан гишүүн хөшигний ард бусдаасаа дутахааргүй овжин нэгэн гэдгийн илрэл нь энэ байж болох.
БАРИМТ 19
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга ЖДҮ-д холбогдсон зарим гишүүдийнхээ улс төрийн эрхийг хасч, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Харин ЖДҮХС-гийн зээлээс хумсалсан Х.Баделханд боломж олгосон нь шударга бус гэдгийг тухайн үед намын зарим нөхөд нь хөндөж байсан.
БАРИМТ 20
Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аубакирын нагац ах. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Т.Аубакирт 2020 оны сонгуульд нэр дэвших мандат авч өгөхийн тулд багагүй хор найруулсан гэдэг. Тухайлбал, намын Бага хурлаар Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, оронд нь Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн аж.
БАРИМТ 21
Х.Баделхан 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний байртай, 16 сая төгрөгийн "Toyota Camry" машинтай, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га-1, эзэмших, 2457 м2-1 газартай аж. Тэрбээр "Жол ХХК"-ийн хувьцаа эзэмшигч юм.
БАРИМТ 22
Тэрбээр энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн юм.
БАРИМТ 23
Боловсролын зээлийн сангийн асуудал олны анхааралт өртөөд байгаа билээ. Гэтэл тус зээлийн сангаар УИХ-ын гишүүн Х.Баделхан хоёр охиноо суралцуулжээ.
БАРИМТ 24
Тухайлбал, Түүний охин Б.Арна, Б.Галия нар АНУ болон Англид улсад БЗС-аар суралцжээ. Б.Арна нь АНУ-ын Де Врай их сургуульд 32 мянган ам.доллар, Б.Галия нь Английн Худалдааны сургуульд мөн 32 мянган ам.долларын зээлээр суралцсан байна.