Үндэсний статистикийн хороо (ҮСХ) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтийг өнөөдөр танилцуулав. Мөнгөний нийлүүлэлт энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр буюу 20.8 хувиар өссөн байна.
Өсөлтөд төгрөгийн хадгаламж 5 их наяд төгрөгөөр буюу 38.3 хувиар, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөгөөр буюу 48.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт зээлийн өр 29.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөгөөр буюу 25.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 167.4 тэрбум төгрөгөөр буюу 7.5 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр буюу 51.3 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт рүрч, 2.5 их наяд төгрөгөөр буюу 52.7 хувиар тус тус өсжээ.
Сэтгэгдэл (3)