МУГТ Т.Тулга өнөөдөр хоёр дахь олимпын наадамдаа зодоглоно. Хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн түүнийг балчир байхад хүмүүс өхөөрдөн, нэрийг нь асуухад өөрийнхтэй нь төстэй болоод ч тэр үү “Би улсын заан Тулгаа байна” хэмээн хариулдаг байж.
Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Аав нь ч хүүгээ дэмжин, тогтмол бэлтгэл хийлгэхийн тулд одоогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Арслан” клубийн дасгалжуулагч Ц.Гантөгс нарт шавь оруулсан нь нүдээ олжээ.
Т.Тулга чөлөөт бөхийн А үсэг заалгаж, өмсгөл өмссөнөөсөө хойш хоёр сарын дараа болсон Ц.Лхаажавын нэрэмжит тэмцээнд түрүүлсэндээ их урамшсан гэнэ. Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 14 настайдаа өсвөрийн УАШТ-д өөрөөсөө гурван насаар ах тамирчдыг ялан түрүүлж, бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. Т.Тулга тус тэмцээнээс удаах жилүүдэд алт, хүрэл медаль хүртэн, амжилтаа ахиулжээ.
Түүний хувьд 2015 он амжилтын арвин “ургац” хураасан жил болсон юм. Учир нь, Азийн өсвөрийн АШТ, “Asashoryu cup”-т түрүүлж, УАШТ-ий өсвөрийн ангилалд алтан медаль аван, хошой аварга болж, залуучуудынхаас мөнгөн медаль хүртжээ.
Азийн өсвөрийн АШТ-д түрүүлэхдээ эхний тойргуудад Шри-Ланкагийн бөхийг 10:1, Тажикистаны тамирчныг 10:0, Кыргызстаны бөхийг 8:1, аваргын төлөөх барилдаанд Ираны бөх А.Хассаныг 8:5- аар тус тус ялсан нь ур чадвар сайтайгийнх нь илрэл болов уу. Улс бүрээс шалгарч, эх орноо төлөөлөн оролцсон шилдэг бөхчүүдийг оноогоор илүүрхэн ялах амаргүй нь мэдээж.
2013 онд чөлөөт бөхийн спортыг олимпын наадмын хөтөлбөрөөс хасаж магадгүй болж, дээр дооргүй үймэцгээсэн. Спортын хорхойтнууд “5 wrestling” нэртэй цахим хуудас нээн, энэ спортын төлөө дуу хоолойгоо нэгтгэснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тус хуудасны ковер зурган дээрх чөлөөт бөхийн өмсгөлтэй хоёр хүүхдийн нэг нь Т.Тулга. Түүний чөлөөт бөхийн спортын төлөө шаналан, сэтгэл зовнин зогсож байгаа нь гэрэл зурагчны дуранд буусан нь тэр.
Тэрбээр энэ тухайгаа “Чөлөөт бөхийн спортыг олимпын хөтөлбөрөөс хасчих вий гэж их айн, санаа зовсон. Нэг өдөр бэлтгэл дээрээ иртэл найз маань уйлаад зогсож байсан юм. Дэргэд нь очин, сэтгэлийг нь тайвшруулж байхад бид хоёрын зургийг авсан юм билээ. Тэр зургаар “5 wrestling” хуудас ковер хийснийг нь бүр сүүлд мэдсэн” хэмээн дурсаж байв.
Т.Тулгын ур чадвар, амжилт ахисаар 2016, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 57, 61 кг-д мөнгө, хүрэл медаль хүртэн, шинэ үе түрэн гарч буйг харуулсан.
Тэрбээр 2016 онд УАШТ-ий хагас шигшээд улсын аварга С.Батболдод ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Ц.Цогбадрахыг ялж, медалийн тавцанд зогссон юм. Харин дараа жил нь аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Ням-Очиртой барилдсан. Тэд хоёул Б.Баттулга багшийн шавь. Анх удаа учраа таарсан тэдний барилдаан спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж байв. Т.Тулга дэлхийн аваргын медальт өрсөлдөгчөөсөө эмээлгүй, ялахын төлөө урагш зүтгэж, дайчин барилдсаар 4:4-өөр тэнцсэн ч онооны чанараар дийлдсэн юм.
Тэр жил чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахад эрэгтэйчүүдийн 61 кг-д Гавьяат тамирчин Э.Ням-Очир, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, ОУХМ Э.Нэмэхбаяр тэргүүтэй шилдгүүдийн аль нь ч бус, Т.Тулга багтсан нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж буй. Энэ нь Монголын чөлөөт бөхийн холбооныхон түүнийг “Токио-2020”-д өндөр амжилт гаргах гол найдвар хэмээн итгэл хүлээлгэн, найдлага тавин, эртнээс бэлтгэсний илрэл. Сүүлийн гурван жилд түүний амжилт харвасан сум шиг хурдтай өсөж буй. Үүнийг нь үнэлэн оны босгон дээр түүнд МУГТ цол олгосон.
Үүнийх нь үр дүн гарч, Т.Тулга олны итгэлийг даан, 2019 оны ДАШТ-д барилдахдаа олимпын эрх авсан. Улмаар Токиод есдүгээр байрт шалгарсан юм. Түүгээр ч үл барам дэлхийн хүрэл медальтан болсон.
Төрсөн он, сар, өдөр: 1998 оны хоёрдугаар сарын 11
Төрсөн газар: Ховд аймгийн Манхан сум
Хэзээнээс хичээллэсэн: 2009 он
Анхны багш: Ц.Гантөгс, И.Моломжамц
Одоогийн багш: Б.Баттулга, Ц.Гантөгс
Харьяалагддаг газар: “Хүч” спорт хороо
Барилдах жин: 65 кг
2013 он:
– Өсвөр үеийн УАШТ-ий алт
– “Монгол туургатан” хүүхдийн спортын IV наадмын алт
2014 он:
-Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
2015 он:
-Өсвөр үеийн УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий мөнгө
– Өсвөр үеийнхний Азийн АШТ-ий алт
– Асашёорюү кап” өсвөр үеийн олон улсын тэмцээний алт
– Хүүхдийн спортын V наадмын алт
2016 он:
-Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Залуучуудын УАШТ-ий хүрэл
– Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний хүрэл
– Дмитрий Коркины нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл
– Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний алт
– О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын тэмцээний алт
2017 он:
-Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний мөнгө
– Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний алт
2018 он:
-Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Тахтийн цом олон улсын тэмцээний алт
– Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний алт
– Залуучуудын УАШТ-ий алт
– Мадридын Гранпригийн хүрэл
– Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө
2019 он: 23 хүртэлх насны Азийн АШТ-ий алт
– “Mongolia Open” олон улсын тэмцээний хүрэл
– Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
2020 он:
- О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт
2021 он:
- Ромын олон улсын тэмцээний мөнгө
- ДАШТ-ээс хүрэл медаль
2022 он:
- Ханжоу Азийн наадмын аварга
- Алматын Гран При тэмцээний мөнгө
2023 он:
- Астана ААШТ-ий мөнгө
- Загребын Гран При тэмцээний алт
- Бишкекийн Гран При тэмцээний алт
- Будапештийн Гран При тэмцээний алт
2024 он:
- Бишкек ААШТ-ий мөнгө
- Иван Ярыгиний нэрэмжит Гран При тэмцээнй алт
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)