Пүрэв гарагт Вьетнамын шүүх үл хөдлөх хөрөнгийн магнат Чыонг Ми Ланд 304 их наяд донгийн буюу 12.46 тэрбум ам.долларын залилангийн хэрэгт оролцсон хэргээр цаазын ял оноолоо.
Гуравдугаар сарын 05-нд эхэлсэн түүний шүүх хурал төлөвлөснөөс эрт дууссан нь эрх баригч Коммунист намын дарга Нгуен Фу Тронгийн олон жилийн турш таслан зогсооно гэж амласан авлигын эсрэг кампанит ажлын гайхалтай үр дүн байлаа.
Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч "Van Thinh Phat Holdings" группын дарга Ланыг Хо Ши Мин хотын бизнесийн төвд болсон шүүх хурлаар хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан, банкны дүрэм зөрчсөн хэрэгт буруутай гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Шүүгдэгчийн гэр бүлээс ялыг хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн байр сууринд бий. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Лан ялын эсрэг давж заалдах болно гэж мэдэгдсэн.
Вьетнам улс ихэвчлэн хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ял оногдуулдаг. Гэвч тэд сүүлийн үед эдийн засгийн гэмт хэрэгт ч бас оногдуулдаг болжээ. Хүний эрхийн байгууллагууд сүүлийн жилүүдэд олон зуун ялтныг голдуу үхлийн тариагаар цаазалсан гэх судалгааг гаргасан.
"Thanh Nien" сонинд энэ хэргийн 84 шүүгдэгч гурван жилийн тэнсэн харгалзахаас бүх насаар нь хорих хүртэл ял авсан гэж мэдээлэв. Тэдний дунд есөн жилийн хорих ял сонссон Хонконгийн бизнесмен Ланы нөхөр Эрик Чу, 17 жилийн ял авсан зээ охин нь хүртэл байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)